И.Мөнхжаргал: Хууль зөрчин 1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан Ч.Хүрэлбаатар нэр дэвших ёсгүй!

И.Мөнхжаргал: Хууль зөрчин 1000 оюутанд 100 мянган төгрөг тараасан Ч.Хүрэлбаатар нэр дэвших ёсгүй!


6 сар

2024 оны УИХ-д нэр дэвших улстөрчдийн нэрс тодорч буй энэ цаг үед АН-аас сонгуулийн хууль зөрчсөн зарим улстөрчдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, АН-ын гишүүдийн зүгээс Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд Ч.Номин нарыг энэ удаагийн сонгуульд нэр дэвших ёсгүй хэмээн Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол өгч байгаа аж. Ч.Хүрэлбаатарын тухайд 1000 оюутанд бэлнээр 100 мянган төгрөгийг тус бүр тараасан, харин Ч.Номин сайд ажлын тайлангаа сэтгүүл болгон хэвлүүлж, СХД-ийн иргэд болоод хүүхэд, багачуудад жүжиг үзүүлэх нэрээр тараасан. Эдгээр үйлдлийг илт хууль зөрчсөн хэмээн АН-аас мэдээлэл өгсөн юм.

АН-ын дэд дарга И.Мөнхжаргал, "Ч.Хүрэлбаатар сайд Увсын 1000 оюутанд мөнгө тараасан. Мөнгө авсан оюутнуудын төлөөлөл ч энд ирсэн байна, оюутнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс царайг нь нуусан. Ямар ч баян юм! Та бүхэн бодоод үз, 1000 оюутанд 100 мянган төгрөг тарааж, зөвхөн надад саналаа өгөөрэй гэж хэлсэн байна. Энэ удаагийн сонгууль шударга явагдахгүй нь. Энэ хүн Монголын төрд үргэлж хортой үйлдэл хийдэг. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ хүнийг бүртгэж авахгүй байх хэрэгтэй, тиймээс АН-аас шаардлага хүргүүлж байна. Үнэхээр сонгуулийн хууль гэж зүйл бүх хүнд үйлчилдэг юм бол энэ хүн УИХ-д нэр дэвших ёсгүй! Мөнгө авсан оюутнуудаас цагдаад хандаж, гэрчийн мэдүүлгээ ч өгөөд явж байгаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн хүн ийм үйлдэл хийгээд явж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хүнээ татаж аваач ээ! 

Түүнээс гадна Соёлын сайд Чинбатын Номин улсын мөнгөөр өөрийн хийсэн ажлаа сурталчлан иргэдэд сэтгүүлээ тарааж байна. Эдгээр хүмүүс сонгуулийн хууль зөрчиж байгаа тул мэдээлэл хийж, СЕХ-нд хандаж байгаа юм. Сонгуулийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь ажлаа хий" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү