МСНЭ: “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна

МСНЭ: “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна


7 сар

Хэвлэлийн эрх чөлөөний өдөр энэ сарын 3-нд тохионо. Өнгөрсөн жилүүдэд энэ өдрийн ЮНЕСКО-гийн уриан дор тэмдэглэдэг байсан бол энэ жил дотоодод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлыг хөнгөх, иргэдийн мэдэх эрхийг хангаалах зорилгын хүрээнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглааныг зохион байгуулахаар болжээ.

Цуглаан зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн хурлыг өнөөдөр МСНЭ-ээс зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүний хувьд хоёр удаа хүсэлт тавьсан. Бидэнд тодорхой хэмжээний зөвлөмж өгч, манай улсад ирж Эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдагчаар татагдаад байгаа сэтгүүлчидтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан төр, засгийн удирдлагуудад зөвлөмж өгөх хүсэлтүүд гаргасан. Харин МСНЭ-ээс тавьсан хүсэлтүүдийн хариу бол Олон улсын сэтгүүлчдийн холбооноос шаардлага мэдэгдэл ирж байгаа” гэсэн юм.

Үргэлжлүүлэн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр Энэ жил дотоодын нөхцөл байдалдаа тулгуурлан асуудал хөндөж, хууль зүйн орчныхоо хүрээнд ямар асуудалтай тулгарсан бэ, яагаад хэвлэл мэдээллийн салбарынхан асуудалтай тулгарч байгаа вэ гэсэн асуудалд анхаарч ажиллах тухай Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын 3-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулна. “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглааны хүрээнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа 4500 гаруй хүний эрх ашиг, Монгол Улсын гурван сая гаруй иргэний мэдэх эрх ашгийг хамгаалахыг зорьж ажиллана.

Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид өөрсдийн эрх зүйн орчноо хөсөр хаяж иржээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүнийг хамгаалдаг хууль, эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, зураглаачийн биед халдчихдаг, камер, техникийг эвдчихдэг явдал бий. Харин гомдол гаргаад явахаар зураглаачийн биед халдсаныг хамгаалах хууль, эрх зүйн орчин байдаггүй. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн алба хаагчийн биед ямар байдлаар хүрэх төдийд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр салбарт ийм эрх зүй, хуулийн орчин үйлчилж байхад манай салбарт үгүй байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга байгаад анхаар ёстой байна” гэв.

Түүнчлэн МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Ариунчулуун Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол олон улсын сэтгүүлчдийн холбооны албан ёсны гишүүн байгууллага. Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг олон улсын сэтгүүлчдийн холбооны зүгээс “Сэтгүүл зүй бол байгаль орчны хямралын эсрэг нүүр царай болно” гэх уриатайгаар тэмдэглэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр сэтгүүлчид маань хийсэн зүйлсээ нийтлэхдээ хаштаг ашиглаарай гэж уриалмаар байна. Энэ жилийн нэг онцлог нь олон нийтэлд хандаж байгаа уриалга дээр Газын зурваст байгаа асуудлыг Олон улсын сэтгүүлчдийн холбоо нэгдүгээрт тавьж байна. Газын зурваст байгаа палестины сэтгүүлч нарын эрхийг хамгаалах талаар илүү их дуугараач гэж байгаа. Мөн Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд олон улсын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдэл ирж байгаа. Энэ талаар тавдугаар сарын 3-нд дэлгэрэнгүй танилцуулна” хэмээн мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү