“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт баталсан.
Энэ өвлийн зузаан цас, зудын нөхцөл цаашид ч давтагдаж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иймд уламжлалт мал аж ахуй цаг агаарын нөхцөлийг давахад хүндрэлтэй болсон. Мөн малчид арилжааны банкны жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч, орлогоосоо давсан зарлагатай амьдарч буй. Малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг ч хамгийн бага орлоготой амьдардаг. Энэ хэвээр малчин ардын амьдрал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар сэргэхгүй, малчдын амьдрал улам дордоно гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, зохион байгуулж байгаа.
Тэрээр “Малчид татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлдэг цаг өнгөрсөн. Тэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдийн хүчээр амжилтад хүрч, ашиг орлогоо нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй байна. Малын тоо толгойгоо өсгөх тусам улам ядуурсаар буй өнөөдрийн тогтолцоог өөрчилж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай тул “Шинэ хоршоо”-г орон даяар амжилттай хэрэгжүүлнэ” гэв.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр:
-Малчид, мал бүхий иргэд сайн дураар хоршоо байгуулж болно.
-Хоршооны гишүүн малчин айл 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болно.
-Хоршоондоо хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж, илүү ашиг орлого олсноор нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ.
-Нэг хоршоонд нэг удаад 5 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн газартаа мах боловсруулах, арьс шир, ноос ноолуурын гэх мэт өөрсдийн хоршооны үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.
-Хоршооны талаар монголчууд, малчид ихээхэн сонирхож байгаа тул “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг 1800-2024 дугаарын утсаар авч болох нь.
-Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана. Хангалттай хэмжээний барьцаагүй бол тус сан баталгаа гаргаж өгнө.
-Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.
Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.