Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан.
Галт тэрэг ойртоход төмөр замтай хөндлөн огтлолцсон замуудад улаан гэрэл анивчиж дохио өгсөн боловч хяналтын камерын дүрс бичлэгээс харахад ачааны хоёр автомашин төмөр зам хөндлөн гарч, гурав дахь машин болох шатахууны тээвэрлэгч том оврын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн юм.
Энэ ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба \ТЦА\-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн нутагт хоёр хоногийн өмнө галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.
Одоогийн байдлаар ТЦА-ны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэлээ.