Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төвүүд дэд бүтцийн нэгдсэн бодлоггүй явж ирлээ. 21 аймаг, Улаанбаатар хотод хог хаягдлаа шатаах нэг ч үйлдвэр байхгүй. Лаг боловсруулах үйлдвэр ч байхгүй. Лагаа бүгдийг нь ил хатаадаг. Өмхий, самхай үнэртэнэ. Иргэд “Өмхийгөө арилгаач ээ” гэдэг. Сүүлийн 60 жил Сонсголон орчимд лагаа хатааж байхад бид яаж үнэрийг нь арилгах юм бэ.
Эрхзүйн үндэслэл, төрийн хувийн хэвшлийн түншлэл, татварын орлого бүрдэж байж лаг шатаах, боловсруулах үйлдвэр барина. Бүх суурин газрууд лагаа хатааж байгаа. Лаг боловсруулах үйлдвэргүй, хог шатаах үйлдвэргүй, дэд бүтэц нь 60 жилээр хоцорчихсон, нийт шугам сүлжээ нь 40 жилийн өмнө хийгдсэн хотод хэдүүлээ амьдарч байна. Энэ дүр төрхийг өөрчлөхгүйгээр бид хотын асуудлаа шийдэж чадахгүй.
Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлээр лаг боловсруулах үйлдвэр, хог шатаах үйлдвэр барихаар өнөөдөр хуулийн хүрээнд цогцоор нь оруулж ирэх гэж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тодорхой хувь байж замаа засна биз дээ. Намайг гудамжаар явахаар залуучууд “Замаа засаач” гээд орилоод байна. Мөнгө байхгүй юм чинь би яах юм бэ. Орлогын эх үүсвэрүүд орж ирж байж л энэ асуудлууд шийдэгдэнэ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроны төслөө урагшлуулсан. Энэ болгонд хууль өөрчлөх шаардлагатай болж байна.
Би ажлаа аваад 31 хууль өөрчлүүлсэн. Одоо ахиад 30 хууль өөрчлүүлэх гэж байна” гэлээ.