"Гэр хорооллын 70 мянган өрхийн 60 хувь нь угаар мэдрэгчээ ажиллуулдаг"

"Гэр хорооллын 70 мянган өрхийн 60 хувь нь угаар мэдрэгчээ ажиллуулдаг"


8 сар

Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвөөс айл өрхөд байрлуулсан угаар мэдрэгчийг хэрхэн хянадаг талаар тодрууллаа.

"Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Сайжруулсан шахмал түлшний хяналтын хэлтэс нэртэйгээр нийслэлийн харьяа руу шилжсэн байна. Тэгсэн хэдий ч үйл ажиллагаа нь хэвийн, иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хянах ажлыг хийж байна гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон:

-Манай төв 2021 оны аравдугаар сараас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд угаарын хий мэдрэгч буюу цахилгаанд залгаж ашигладаг төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Налайх дүүрэг болон зургаан дүүргийн нийт 70 мянган гэр хорооллын өрхөд холболтыг хийсэн. Одоогийн байдлаар эдгээр өрхийн 45 мянга буюу 60 хувьтай айл өрх угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө залгаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар 45 мянган айл өрхийн угаарын хий мэдрэгчийг хянаж байна. Зөвхөн цахилгаанд залгаж хэрэглэдэг угаарын хий мэдрэгчээс гадна зай хураагуур хийдэг угаарын хий мэдрэгчтэй айл өрх бас байгаа. Зарим айл өрх угаарын хий мэдрэгчээ эвдэх, далд хийх, өөр цахилгаан хэрэгсэл залгахдаа угаарын хий мэдрэгчээ салгах тохиолдол гардаг.

Энэ жил нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд ажиллах 500 гэрээт ажилтанг ажиллуулж байна. Манай гэрээт ажилтнууд дүүрэг дүүргээр айл өрхөө хариуцаж, биелэн очин угаар мэдрэгчээ  хэрхэн зөв ажиллуулах талаарх заавар зөвлөмжийг өгч байгаа. Эдгээр ажилчид ирэх тавдугаар сарын 15-ныг хүртэл айл өрхүүдэд заавар зөвлөмж өгч ажиллана. Зарим айл өрхүүд гэртээ оруулахгүй, яндан зуухаа битүүлэх шаардлагыг хүлээж авахгүй, угаар мэдрэгчээ ажиллуулахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг. Хяналтын ажилтнууд мэдрэгч төхөөрөмжийн залгуур, зайг нь худалдан авч өгч, эрсдэл өндөртэй айлуудад угаарын хий мэдрэгчийг хэд хэдэн удаа өгдөг. Тэгсэн хэдий ч хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас бол иргэдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орж байна.

Жишээлбэл, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт харамсалтай тохиолдол гарсан айлд өмнө нь хяналтын ажилтнууд дөрвөн удаа гэрт нь очиж, угаарын хий мэдрэгчийн зайг хоёр удаа сольж, өгсөн байна.

Манай төв өдөрт 400 орчим айл өрхийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг. Нэг гэр бүлд гурваас дээш хүн амьдардаг гэхээр хоногт 1000 гаруй хүнийг эрсдэлээс сэргийлдэг гэсэн үг. Манай төвд хандсан иргэд утсаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, яндангаа хэрхэн хөөлөх талаар зөвлөгөө заавар авч болно. Шаардлагатай айл өрхүүдийн гэр, байшингийн янданг үнэ төлбөргүй хөөлж өгдөг" гэдгийг хэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү