А.Адъяасүрэн: Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна

А.Адъяасүрэн: Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их байна


8 сар

Ирэх даваа гараг буюу энэ сарын 18-ны өдөр тохиох Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал”  үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэллээ

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн  “Эрчүүдийн хөгжлийн асуудал” сэдвээр илтгэлийн хэсгийг эхлүүллээ. А.Адъяасүрэн гишүүн нь тус чуулганыг санаачлагч бөгөөд индрээс тавьсан илтгэлдээ монгол төр монгол эрчүүдэдээ бодлогоо зориулах цаг ирлээ гэдгийг хоёр жилийн өмнө энэхүү индрээс хэлж байснаа онцоллоо. Тэрбээр, “Миний бие УИХ-ын гишүүний хувьд өөрийн санал санаачилгыг Төрийн тэргүүнд уламжилж, 2022 оны гуравдугаар сарын 14-нд Ерөнхийлөгчийн ивээл дор анхны уулзалтаа хийж байлаа. Тодорхой хэд, хэдэн асуудлаар зөвлөмж гаргаж байснаа өнөөдөр дүгнэж, эрчүүдийн хөгжлийн асуудлаа эргэж нэг ярьцгаая хэмээн Ерөнхийлөгчид саналаа дуулгасан маань дахиад ийнхүү ажил хэрэг болж, энэ танхимд хуран цуглаад байна, бид. Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангах хөдөлгөөн тогтмол өрнөж, хүчирхийлэлтэй тэмцэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог ч хангаад явж байна. Харин жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулж, олон асуудлаа эргэж харах шаардлага бий болоод байна. “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн өмнөх үеэ халж эмэгтэй, эрэгтэй хүмүүст хөгжлийн тэгш боломж олгох, жендэр ба хөгжлөө хосолмол байдлаар буюу шинэлэг арга барил руу өөрчлөх шаардлагатайг онцгойлон сануулъя. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд ч “...нийгэм, соёлын харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш оролцоно” хэмээн тунхагласан атлаа эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаа цаашид орхигдуулахгүй явах нь зөв юм. Та бидний ярилцаж буй эрчүүдэд тулгарсан, хөгжилд нь саад болж буй асуудлууд нэг, хоёр удаагийн биш нэлээд олон удаа ярилцаж, үндэсний хэмжээнд анхаарч байж шийдэх ёстой асуудлууд юм шүү” хэмээгээд хэд, хэдэн ноцтой тоон баримтуудыг индрээс дуулгалаа.

Тодруулбал,

-Эрчүүдийн эрүүл мэндийн асуудал нэн тулгамдсан асуудал болсон. Дундаж наслалтын зөрүү 9.5 буюу дэлхийн 13 орноос зургадугаарт бичигдэж байгаа.

-Залуус эрүүл мэндээрээ цэрэгт тэнцэхээ больсон.

-Жилд дунджаар 17 мянган хүн нас бардгаас 60 гаруй хувь нь эрчүүд байдаг.

-2020 оны байдлаар 10 нас баралт тутмын зургаа нь эрэгтэйчүүд.

-Эрчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ тодорхой сайжраагүй.

-Малчдын амьдрал тэр дундаа ганц бие залуу малчдын эзлэх хувь хэмжээ 2023 оны байдлаар 18-35 насны малчдын дунд 88 хувийг эзэлдэг.

-10 эрэгтэй тутмын зургаа нь тамхи татдаг. Согтууруулах ундааны нэг хүний жилийн хэрэглээ 30 литрээс 50 литр болж өссөн.

-Архины шууд болон шууд бус шалтгаанаар жилд 4000 орчим хүн нас барж буйн дийлэнх нь эрчүүд.

-Эрчүүдийн амиа хорлох явдал эмэгтэйчүүдээс 5.8 дахин их. Үйлдвэрлэлийн ослоор дандаа эрчүүд нас бардаг хэмээлээ.

...Анхдугаар чуулганаас олон нийтэд хандан 50 гаруй багц санал гаргасан бөгөөд хэд, хэдэн чиглэлд үр дүнгээ өгөөд явж буйг чуулганыг санаачлагч А.Адъяасүрэн гишүүн мөн энэ үеэр онцлов. Тухайлбал, архидалтаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт буурсан, өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах эрхзүйн орчин бүрдсэнийг дуулгав. Цаашдаа залуу малчдыг орон сууцжуулах, үндэсний хэмжээний хөгжлийн бодлогод эрчүүдийн хөгжлийн асуудлыг чухалчлан тусгаж, төсөв мөнгийг шийдэх,  Засгийн газраас 2020 онд баталсан “Монгол малчин” хөтөлбөрийг тууштай идэвхжүүлэх, чанартай урт наслалт буюу дундаж наслалтын зөрүүг ойртуулах зэргийг салбар дундын зохицуулалтын эрхзүйн таатай орчноор шийдэхийг хэлж байлаа. Хүн амзүйн тухай, Эрэгтэй, эмэгтэй хүмүүст сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх тухай, Архи тамхины хэрэглээний тухай хууль, эрхзүйн орчнуудыг шинэчлэх зэргээр тодорхой хуулиудад жендэрийн тэгш эрхийг тусгахаас гадна өмнөх чуулганаас гарсан зөвлөмжүүдийг төрийн бүх шатанд шуурхайлан мөрдүүлж, хэрэгжүүлж эхлэх ёстойг индрээс сануулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү