ОХУ-ын Засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахууны экспортод түр хугацаагаар хориг тавихаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өчигдөр гарсан.
Энэ хязгаарлалт Монголд ч хамаарч магадгүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар үүнийг үгүйсгэв. Тэрбээр “ОХУ-аас тогтоол гарсан. Гэхдээ хараахан батлагдаагүй байна. Энэ хориг өмнө нь гарч байсан. Энэ нь зунаас өвлийн түлшинд шилжих үед дотоод хэрэгцээгээ хангах шаардлагаар экспортдоо хязгаар тогтоодог үйл явц юм. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад сонссон байсан учраас нэлээд сайн ажилласан. Тиймээс Монгол Улс энэ хоригт орохгүй гэсэн мэдээлэл ирж байна. Нөөцийн хувьд дизель түлшээр бүх саваа дүүргэсэн, евро 92 дүүрэн, энгийн 92 авто бензин хэвийн, хангалттай байна” гэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 71580 тонн АИ-92 автобензин импортлоод байгаа юм.
Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байжээ.