“Тавантолгой түлш” ХХК-ийн 2023 оны ажлыг дүгнэх Тайлангийн хурал 2-р сарын 22-23 өдрүүдэд Зүүн үйлдвэр дээр болж нийт 23 нэгж, хэлтэс тайлангаа танилцуулж дууслаа. Тайлангийн хурал 100 хувь ирцтэй, хангалтгүй үнэлгээгүй амжилттай болж өндөрлөлөө.
Хурлыг хааж Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн үг хэллээ. Тэрбээр, “Өнгөрсөн жил бид чамлахааргүй амжилттай ажилласан байна. Таван жилийн ойн босгон дээр олон асуудлаа цэгцлээд авъя, шийдээд явъя, ард нь гаръя гэж зүтгэсэн. Эргээд харахад ололт амжилт их байна. Үйлдвэрлээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлж чадсан байна. Бүтээгдэхүүнээ сайжруулах чиглэлийн туршилт судлагаа хийж, сууриа тавьж чаджээ.
Алдаа, дутагдал, анхаарах ёстой зүйлс багагүй байгааг бид энэ хоёр өдөр харлаа, ярилцлаа, дүгнэлээ. Өнөөдөр бид асуудлаа хэдий чинээ илэн далангүй ярьж, алдаа дутагдлаа гаргаж ирнэ, ирэх жилийн ажлын амжилт төдий чинээ арвин байна гэсэн үг.
Урт болон дунд хугацааны төлөвлөгөө цаг алдалгүй гаргаж түүнийгээ хэрэгжүүлж ажилладаг байх хэрэгтэй. Стратеги төлөвлөгөө гаргана гэдэг бол үйлдвэрлэл, үйл ажиллагааныхаа урд нь, компаниа, хамт олноо зөв зүг рүү түүчээлж явахын нэр.
Техникийн болон технологийн бодлогын баримт бичгүүдийг бид илүү нарийн гаргах ёстой. Энэ бол бидний хамгийн чухал ажил. Тавантолгой түлш компанийн үйлвэрүүд, тоног төхөөрөмжүүд, технологи ирэх таван жилд ямар байх нь энэ бодлогын баримт бичгээс тодорхой харагдаж байх ёстой” гэсэн юм.
Тайлангийн хурлаар санхүүгийн хувьд хэмнэлт, дэвшил гарсан гэдгийг онцолж байлаа.