Авлигатай тэмцэх газар эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дунд:
Улс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг багтжээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр 2022.12.13-нд зарласан "нүүрсчин" 17 хүний дунд багтсан билээ. Улмаар 2023 оны гуравдугаар сарын 30-нд нүүрсний хэрэгт холбогдсон гэх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг УИХ-аар хэлэлцэн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг явуулж, Н.Наранбаатарыг авч үлдсэн билээ. Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй.