Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн 100 ширхэг ногоон автобус чанарын болоод худалдан авах ажиллагааны хувьд асуудал дагуулсан.
Учир нь тендерт шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь БНСУ-ын “Daewoo” үйлдвэрээс хуучин автобус оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгуулж байгаа. Энэ хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 27 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон.
Тодруулбал, хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг гэж тогтоосон юм.
Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн.
Тодруулбал, түр хороонд олонхын төлөөллөөс П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг нар багтсан бол цөөнхийн төлөөлөөс Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм. Харин тэдний хэн нь Хянан шалгах түр хороог даргалах вэ гэдэг анхаахарал татаж байв. Тэгвэл тус түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалахаар болжээ.