Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сурвалжлагч: Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба "Терроризмын эсрэг Хятадын хуулийн тогтолцооны систем ба практик" цагаан ном нийтэллээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс терроризмын хор хөнөөлийг амссан орны хувьд урт хугацааны турш терроризмын бодит аюул заналхийлэлд нүүрлэсээр ирсэн. Олон жилийн турш Хятад улс терроризмын эсрэг үйл ажиллагааны хууль тогтоомж, онцлог, практик арга барилыг цогцоор нь нэгтгэн дүгнэж, бусад орны туршлагаас суралцаж, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдал, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулж, өөрийн орны бодит байдалд нийцсэн терроризмын эсрэг хууль эрх зүйн зохицуулалтын замыг үе шаттайгаар эрэлхийлсээр ирсэн юм гэжээ.
Ван Вэньбинь цааш нь хэлэхдээ, цагаан ном нь Хятадын терроризмын эсрэг хууль эрх зүйн тогтолцоо, практикийг иж бүрэн, системтэй тайлбарлаж, террорист үйлдлийг үр дүнтэй урьдчилан сэргийлж, шийтгэсэн төдийгүй хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үнэт зүйл, үндсэн зарчмыг тусгасан юм гэжээ.