Иргэн Д.Мөнх-Эрдэнийн найз урьд шөнө гарсан дэлбэрэлтэд өртөж, 60 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-д хүргэгдэн очжээ. Сэтгүүлчид түүнээс үүсээд буй нөхцөл байдлын талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсад стандарт мөрдөгдөхөө болиод удаж байгаагийн нэг хэлбэр. Шатах бүтээгдэхүүний агуулах Улаанбаатар хотоос хол байх стандарттай. Хот хооронд 1-2 тонноор зөөх л ёстой. Яагаад 60 тонны тээврийн хэрэгсэл аюултай бодис тээвэрлэж хотын төвөөр хөдөлгөөнд оролцов. Өдрийн цагаар түгжрээнд дэлбэрэлт болсон бол яах вэ. “Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсрэнэ” гэхчээр огт тоохгүй. Заавал нэг асуудал гаргаж байж л анхаардаг, “мэлрээ” байдалтай байна.
Хотын төвийн Шатахуун түгээх станц (ШТС)-ыг тоол. Нэг ШТС-ын орлогыг бодож нийтээрээ тэсэрч, дэлбэрэх үү. Амьд явах баталгаа алга. Оршин суугчид гэртээ амгалан тайван байж байгаад золгүй явдалд өртөж байна. Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдөж байна.
Хөөрхий тэр манай аав шиг хөгшин жолооч тээврийн хэрэгсэл бариад явж байна. Тэр хүнийг буруутгах аргагүй. Гэхдээ яагаад тэр хөгшин хүнээр тээврийн хэрэгсэл бариулаад шөнө, оройгоор явуулав. Үүнд хариуцлага тооцох ёстой. Тухайн байгууллага Хөдөлмөрийн хууль мөрдөгдөхгүй байна шүү дээ.
Миний найз энэ дэлбэрэлтэд өртөөд би найзыгаа аав, ээжтэй нь сахиж байна.
Мөн манай хамаатны ахын маань хүүхэд 90 хувийн түлэгдэлттэй, эмчлүүлж байна. Аавынх нь машин хөдөө эвдрээд, аавдаа сэлбэг аваачиж өгөх гэж яваад л золгүй явдалд өртсөн. Энэ мэтчилэн хүмүүс амьдралын төлөө зүгээр зам дээр явж байгаад аймшигтай явдалд өртлөө. Хотын дарга хаана байна. Гадаадад яваа сурагтай. Газар дээр нь очиж, ажлаа хий. Манай дарга нарын байгаа царай үүгээр харагдаж байна” гэв.