Ирэх 6 сард УИХ-ын сонгууль болно. УИХ-ын сонгуулийн хуулийн тухай 48 дугаар зүйлд “Хууль бус сурталчилгааг хориглох” талаар тодорхой заасан. Тодруулбал, Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор “хувь, хувьцаа өгөх”-ийг хориглоно гэжээ.
Гэтэл сонгуулийн жил эхэлчихсэн, УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед “Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл чуулганаар хэлэлцэгдэж эхэлсэн.
Засгийн газраас өргөн баригдсан дээрх тогтоолын төсөлд 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш мэндэлсэн 1,2 сая хүүхдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай болон Иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашиг 233 мянган төгрөг олгох тухай асуудал багтсан.
Хэдийгээр Засгийн газраас дээрх асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлж байгаа ч үнэндээ МАН засаглаж байгаа учир сонгуулийн тухай дээрх хуульд заасанчлан “аливаа этгээд (МАН), бусдаар дамжуулж (Засгийн газраар), иргэд сонгогчдын саналыг татах зорилгоор хувь, хувьцаа (насанд хүрээгүй хүүхдүүдэд 1072 хувьцаа олгох, насанд хүрсэн иргэдэд 1072 хувьцааны ноогдол ашиг болох 233 мянган төгрөгийг тараах) өгөхийг хориглоно гэсэн заалтыг ИЛТЭД ЗӨРЧИЖ байна гэж харж болох.
УИХ-д олонхийн суудалтай МАН хүч түрэн, дээрх хуулийн зөрчлийг үл харгалзан УИХ-аас тогтоол гарган ноогдол ашиг тарааж шийдэх биз.
Товчхондоо, эрх баригч МАН-аас иргэд сонгогчидод хандан Сонгуулийн хуулийг зөрчин байж “хувь хүртээж, хувьцаа өгөх нь” тодорхой боллоо. Хатуухан хэлбэл эрх барьж байгаа МАН сонгогчдын “саналыг худалдан авах” арга хэлбэрийг хууль зөрчин ”ашиглах” нь байна.
МАН-тай өрсөлдөгч АН, ХҮН болон парламентад суудалгүй улс төрийн намуудын удирдлагууд, эрх зүйчид МАН-ын хууль зөрчсөн байж болзошгүй дээрх асуудлыг харж ажиглаж байгаа биз.
Тэд хуулийн дагуу МАН-ын эсрэг холбогдох байгууллагад гомдол гаргаж, МАН-аас УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчдийн нэрийг нь татуулчих бий дээ.
Үүнийг эрхбиш эрх баригч МАН-ын том хуульчид харж байгаа гэдэгт найдаж байна.