УИХ-ын чуулганы хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах юм. Ингэснээр хэт хүйтний, давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 тусгай зориулалтын автомашин нийлүүлэх аж. Эдгээр автомашиныг авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг дэмжсэнээр хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар онцгой байдлын байгууллагад хөөсөөр гал унтраах 3 автомашин байгаа аж. Автомашинууд 5-8 давхар барилгын гал түймрийг унтраах боломжтой байна. Харин Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод 9 давхраас дээш өндөртэй 198 барилга байна.