Томуугийн тархалтын улмаас дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн

Томуугийн тархалтын улмаас дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн


11 сар

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-ийн төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг өглөө.

Энэ жилийн томуугийн дэгдэлт харьцангуй хожуу илэрсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа ажээ. Яг одоогийн байдлаар томуугийн вирус идэвхжлийн үедээ явж байна. Хэвтэн эмчлүүлэх ор дүүрсэн. Хамгийн ойрын ЭМБ-аас тусламжаа аваад гэртээ эмчилбэл илүү аюулгүй гэх зөвлөгөөг өглөө. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга н.Оюунчимэг:

-Энэ жилийн нөхцөл байдлыг үндэслэн 2023.12.01-ний өдрөөс шуурхай баг байгуулан ажиллаж байна. Ор зохицуулах болон эмнэлзүйн шуурхай багууд дүн шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах тогтолцоо ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 15 ЭМБ 2126 ор дэлгэн ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа байгууллагуудаас 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн 120 орыг харьяа эмнэлгээс татан ор дэлгэн ажиллаж байна. Эмнэлгийн ЯТТ-аар үзүүлсэн хүүхдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь гэрийн эмчилгээнд байна. 1413 дуудлагаас 483 нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой байна. Үүний 4,6 хувийг эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ.

ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа:

-Томуугийн тархалт улсын хэмжээнд идэвхжлийн буюу шар түвшинд байна. Нийт 5 түвшнээс хоёрдугаарт байна гэсэн үг. 8610 хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь томуугийн гаралтай өвчнөөр эмчлүүлж байна. Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгууд улбар шар түвшинд буюу гуравдугаар түвшинд очжээ. Ковидын вирус эргэлтэд хэвээр байна. Томуугийн А хүрээний H3 вирус 11 дүгээр сарын дундуур ажиглагдаж эхэлсэн. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах орнуудад энэ вирус ажиглагдсан. БНХАУ, Япон улсуудад өргөн тархалттай байна. Нийт арга иргэддээ хандаж хэлэхэд томуугийн улирал 12 дугаар сарын сүүл, нэгдүгээр сарын дунд хүртэл идэвхжих тул амны хаалтаа сайн зүүж, урьдчилан сэргийлэх ахуйн энгийн аргуудаа хэрэглэхийг зөвлөж байна. 

НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган:

-Нийслэлийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан өрхийн ЭМТ болон дүүргийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж байна. 12 дугаар сарын долооны өдрөөс эхлэн дүүргүүдийн ЭМТ-ийн Хүүхдийн кабинетийг томуугийн өвчлөл бууртал амбулаториуд ажлын өдрүүдэд 17-21 цаг хүртэл, бямба гарагт 12-18 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан.

НЭМГ-ын даргын тушаалаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 2023.12.04-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08-20 цаг хүртэл, бямба гарагт 15 цаг хүртэл ажиллана. 

Иргэд өвчлөл нэмэгдэж буйтай холбоотой хүүхдээ дагуулж шууд хүлээн авах дээр очихгүй ойр байгаа ӨМТ, дүүргийн ЭМТ-д хандахыг уриалж байна. Шардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэгт хандах нь шинэ вирус авахаас урьчилан сэргийлнэ. 

ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа:

-Хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч нарыг баг дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмнэлзүйн тандалт хийж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс А томуугийн вирусийн идэвхжлийн үе ажиглагдсан. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдлыг харвал нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул анхны эмчийн үзлэгийн дараа заавал давтан үзлэгийг хоёр хоногийн дараа үзүүлэхийг зөвлөж байна. Өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах шинжүүд илэрвэл "аюултай" гэж үзэх тул яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг сануулж байна. Хүүхдийн дархлаа өөрөө онцлогтой. Иймд сайн унтуулах, хооллох, хэт дааруулж, халууцуулахгүй байх хэрэгтэй. Ханиадны шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг сургуульд явуулахгүй байхыг хатуу сануулж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү