Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарна

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн зохицуулалтыг хүчингүй болгоход Засгийн газар анхаарна


1 жил

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Тэрбээр,

“Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагуудын индексээр бид хаана байгаагаа хэмжиж ирсэн. Тэгвэл 2022 онд 21 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүний эрхийн нөхцөл байдал, зөрчил ямар байгааг баримтжуулан, арга хэмжээ авч сайжруулахын тулд анх удаа Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнаж, илтгэж эхэлсэн” талаар дурдлаа.

Цаашид Засгийн газраас:
1. Батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа хууль тогтоомж, НҮБ-н Хүний эрхийн чиглэлээрх байгууллага, тусгай илтгэгч нарын гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарч ажиллана.
2. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрхийг хязгаарласан зарим хуулийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгоход анхаарна.
3. Монгол хүн бизнес эрхлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн харилцааг журмаар зохицуулдаг байдлыг хязгаарлаж, нийт батлагдсан журмын тоог хоёр дахин бууруулах багц ажлуудыг хийнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцоллоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг.

Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сайжруулах, ардчилсан нийгмийн бүтцийг байгуулах ажлууд эрчимтэй хийгдсээр ирсэн юм.

Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх чиглэлээр олон улсад, тэр дундаа Ази тивд дээгүүрт орж буй гэдгийг форумын үеэр хэлэлцлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү