Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд 17 хүүхдэд тариаг нь сольж хийсэн гэх асуудлаар өвдсөн хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл Б.Нордогмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Манай хүүхэд дөрвөн настай, энэ эмнэлэгт уушгины хатгаа гэсэн шалтгаанаар даваа гарагт хэвтсэн. Биеийн байдал овоо сайхан болж байсан чинь өчигдөр орой 23 цагийн үед тариа сольж хийгээд, ухаан алдаж унасан. Удалгүй нярайн эмч нар орж ирээд хүүхдийг минь аваад гарсан. Тэр үед хүүхдүүд ухаангүй байсан. Хүүхдүүдэд хүчил төрөгч, шингэн залгасан. Миний биеийн байдал муудан, унах гээд байсан тул гараад явсан. Цааш юу болсон талаар сайн мэдсэнүй. Тариагаа манай өрөөнд найруулсан. Тэгэхэд цагаан тариа байхад яагаад одоо хийж байгаа тариа чинь шар өнгөтэй байгаа талаар асуухад сувилагч "бидний найруулж байгаа тариа ийм л байсан, бид өмнө шөнө нойргүй хоносон, хурдалмаар байна " гэж хэлсэн. Тэр тариаг хийсний дараа удалгүй хүүхдүүдийн бие хүйтэн болж эмч нарт мэдэгдсэн. Манай хүүхэд гар, бие нь хүйт оргиж 38, 39 градус хүрж халуурсан. Манай хүүхдийн биеийн өнөөдөр өглөө тогтворжсон" гэв.