Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хёнки Кимтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хёнки Кимтэй уулзлаа


1 жил

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хёнки Кимийн урилгаар Сөүл хотод албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонболд, Б.Мэндбаяр, Н.Баярмөнх, Ц.Төрхүү, Б.Эрдэнэсүх болон НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар багтаж байгаа юм.  

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын д арга Хёнки Ким хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав. Улаанбаатар, Сөүл хотууд нь 1997 онд албан ёсны харилцаа тогтоосноос хойш 26 жилийн турш идэвхтэй хамтын ажиллагаатай байгаа юм. Монгол Улсын иргэд тус улсад ажиллах, сурах, аялах, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх зорилгоор олноор зорчдог бөгөөд нэг сард дунджаар 900 орчим иргэн манай улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлдэг байна. “...Улаанбаатар болон Сөүл хотын ИТХ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна...” гэж Хёнки Ким хэлэв. Сөүл хотод Монгол Улсын 8000 орчим иргэн ажиллаж, суралцаж амьдардаг. Эдгээр хүмүүсийг Солонгост оршин суух хугацаандаа аятай тухтай байхад нь Сөүлийн ИТХ-аас анхаарч ажиллана гэдгийг ч мөн уулзалтын үеэр онцлов.

Хотууд хөгжихийн хэрээр хүн амын хэт төвлөрөл, зам харилцаа, орон сууц, байгаль орчны олон асуудал үүсдэг. Сөүл хотын хурдтай хөгжил ч дээрх асуудлыг тойроогүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос түрүүлж дээрх бэрхшээл, сорилттой тулгарч, түүнийг давж гарсан туршлагатайн хувьд энэ талаарх ноу хаугаа хуваалцахад бэлэн байгаагаа ноён Ким илэрхийллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзалтын үеэр хоёр хотын ах дүүгийн харилцаа улам бэхжүүлэхийн чухлыг онцлоод хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах саналаа хэллээ. Айлчлалын бүрэлдэхүүн мөн Солонгосын Хан мөрний бүтээн байгуулалттай танилцан, туршлага судалсан байна. Хан мөрний бүтээн байгуулалт нь иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьж очдог арав гаруй цэцэрлэгт хүрээлэнтэйгээс гадна худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжсөн байдаг. Түүнчлэн Сөүл хотын Орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү