Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хуулиар хүчингүй болгосон зөвшөөрлүүдийг бүртгэл, лиценз нэрээр байлгасаар байна

Х.Ганхуяг: Зөвшөөрлийн хуулиар хүчингүй болгосон зөвшөөрлүүдийг бүртгэл, лиценз нэрээр байлгасаар байна


1 жил

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Х.Ганхуяг гишүүн Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр уг хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж батлуулсан юм. 

Тэрээр "Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор үг хэлэхгүй бол болохгүй байна. УИХ-аас Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарч ажилласан. Уг ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д танилцуулж өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын 69 дүгээр тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Засгийн газарт хэд хэдэн үүрэг өгсөн. Гэтэл хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна.

Зөвшөөрлийн хууль бол маш энгийн хууль. Хувийн хэвшил өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө бүгдийг нь боловсруулаад бидэнд өгч батлуулсан хууль гэж хэлж болно. Яагаад гэхээр хуулийн этгээд, иргэдийн эрхийг хангасан хууль. Одоо Зөвшөөрлийн хууль дээр хэд хэдэн асуудал үүсээд байна. Зөвшөөрлийн хуульд ямар нэгэн зөвшөөрлийг бүртгэл, лиценз нэрээр бий болгохгүй байхыг маш тодорхой зааж өгсөн. Энэ тухай 1.5-д тусгасан. Мөн 8.1, 8.2-т ямар зөвшөөрөл байх, түүнийг хэн олгох тухай нарийн заасан. 

И-Монголиа платформ дээр И-Бизнес гэдэг цэс гаргаад 100 гаруй зөвшөөрлийг бүртгэл нэрээр нэмсэн байна. Мухлаг, найман нэрийн барааны дэлгүүр, дугуй засварын зөвшөөрөл гээд байж болох бүх зөвшөөрлийг бий болгосон байна. Зөвшөөрлийг шинээр нэмэх процессыг маш тодорхой зааж өгсөн. Нээлттэй сонсгол явуулж, Засгийн газрын дэргэдэх зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ хуулиар өөрчилнө. Гэтэл өнөөдөр И-Бизнес гэдэг цэсэнд баахан зөвшөөрлийг шинээр өгч байна. Бидний баталсан хуулийг гууль болгож байна. Иргэдээс олон гомдол ирж байгаа" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү