Х.Нямбаатар: Давс мэт шорвог шийдвэрүүд гаргаж ажиллахаас өөр аргагүй

Х.Нямбаатар: Давс мэт шорвог шийдвэрүүд гаргаж ажиллахаас өөр аргагүй


1 жил

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хотын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан байна. 

Энэ асуудалтай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Хариуцсан ажлын хэсэг болгоноо 7-14 хоногийн хугацаанд хуралдуулж, ажилладаг. Тэгэхээр хийгдэж, үр дүн нь гарсан ажлуудаа дараагийн хүмүүстээ хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Нэгэнт улс төрийн шийдвэр гарсан. Би эрсдэлтэй алхам гэж гоншигносон яриа гаргахгүй. Одоо НИТХ-ээс шийдвэр гараагүй, Ерөнхий сайдын захирамж гараагүй байгаа учир Нийслэлийн бүтцийг өөрчилнө гэж ярих нь зохимжгүй. Гэхдээ шийдвэр гарсан тохиолдолд нийслэлийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний үр дүнгээс хамаарч шаардлагатай бол өөрчлөлт оруулна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдаас маш олон үүрэг, даалгавар авсан. Нэгдүгээрт, нийслэлд очиж таван Ш ажиллагааг эрчимжүүлэх, газар олголттой холбоотой асуудлыг цахимжуулах зэрэг олон даалгавар өгсөн. Нийслэлийн хувьд, маш олон асуудалтай их айл. Түгжрэл хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Ямар нэг импортын автомашины хязгаарлалт огт хийгдэхгүй байна. Сая нэг амиар олон автобус шинэчлэх гэсэн бодлого уначихлаа. Энэ харилцааг эцэслэх, ил тод нээлттэй сонгон шалгаруулалт яаралтай зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байгаа. 

Шулуухан хэлэхэд, миний болоод Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд ч тэр, ажилд бид томилогдоно гэх санаачилга гаргаагүй. Энэ цэвэр Засгийн газрын тэргүүний шийдвэр учир хүндэтгэнэ. Өөр хувилбар байхгүй гэдэг зүйл хэлсэн. Томилогдсон тохиолдолд, би алсдаа хэрэгтэй давс мэт гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй гэж бодож байгаа" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү