"Эрдэнэт" үйлдвэрийн ажилчид өнөө өглөө ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төсвийн тодотголоор төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. "Эрдэнэт" үйлдвэрийн цалинг сүүлийн 10-аад жилийн түвшинд авч үзвэл инфляцыг нөхөх хэмжээний төдий л явж ирсэн. Одоо үйлдвэрийн ажилчид инфляцын түвшин дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатайг хэлж байгаа. Үүний дагуу хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулах санал шаардлага тавьж ирсэн ч өчигдрийг хүртэл зөвшилцөлд хүрч чадсангүй. Иймд өнөө өглөөнөөс авто тээврийн цех болон ил уурхай хэсэгчлэн ажил хаялт зарласан байна. Гэхдээ ажил хаялт нэг номерын зорилго биш.
Үйлдвэрийн захиргааны зүгээс өнөөдөр мэдээлэл хийхдээ 15 хувиар гурван жил дараалан цалин нэмье гэж байгаа боловч үйлдвэрчний эвлэлээс зөвхөн 50 хувь дээр хатуу зогсож байна гэсэн. Гэхдээ захиргааны зүгээс 15 хувь хүртэл нэмэх боломжтой гэж хэлсэн. 15 хувь хүртэл гэдэг бол яг 15 хувь гэсэн үг биш. Таван хувь ч байж болно гэсэн үг.
Дэлхийн хэмжээний уурхайчдын цалин хөлстэй харьцуулж яриагүй. Ажлын ачааллаас нь хамааруулаад цалинг нь 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэж байгаа. Зарим захиргааны ажилчдын цалин 15 хувь хүртэл нэмж болно. Харин үйлдвэрийг гар дээрээ авч яваа чухал мэргэжлийн, ачаалал өндөр хэсгийн ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй.
Дундаж цалин нь дөрвөн сая төгрөг гэж хэлж байна. Үйлдвэрийн захирал удирдлагууд нь 40, 50 сая төгрөгийн цалин авдаг гэх мэдээлэл бий. Үйлдвэрийн чухал мэргэжлийн ажилчид, ачаалал өндөртэй ажилчдын орлогыг нэмэгдүүлэх шаардлагыг МҮЭХ дэмжиж байна. Үйлдвэрийн ажилчдын цалин 500 орчим ам.доллар, дундаж цалин нь 1100 орчим ам.доллароос эхэлж байна. Эрдэнэтийг жижиг уурхай шиг төсөөлж болохгүй. Олон улсын уурхайн цалин хөлсийг тооцвол дор хаяж 5000 ам.доллароос дээш байгаа" гэв.