Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан “Itallian soccer camp” зуны сургалт эхэллээ. Италийн багш, дасгалжуулагчид, алдарт хөлбөмбөгчдийн олгодог энэхүү сургалт нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд хөлбөмбөгт хайртай дэлхийн 30 гаруй орны хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг хөтөлбөр болоод байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол дахь хөлбөмбөгийн талбайд сургалтыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан болон хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта, тус улсын багш дасгалжуулагчид оролцож, нөхөрсөг тоглолтыг хийсэн юм. Мөн энэхүү сургалтад хамрагдахаар шалгарсан Монголын өсвөрийн 120 хүүхэд алдарт хөлбөмбөгчин, багш дасгалжуулагчидтай уулзлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “...Италийн хөлбөмбөгийн хүүхдийн сургалт дэлхийн олон мянган хүүхдийн мөрөөдлийг биелүүлсээр ирсэн. Анх 2011 онд буюу 12 жилийн өмнө Италийн хөлбөмбөгийн баярт шалгаран оролцсон анхны таван Монгол хүүхэд спортын карьераа эхлүүлэхээр тус улсыг зорьж байсан. Та бүхэн санаж байгаа бол XX зууны домогт тамирчдын нэг, Италийн “АС Милан” клубын ахлагч-асан Франко Барези Монголд ирж байсан. Тухайн үед Монгол хүүхдүүдээс шалгарч байсан таван хүүхдийн нэг Г. Ганбаяр өнөөдөр Европын лигт амжилттай тоглож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болсон. Харин өнөөдөр алдарт хөлбөмбөгчин Жанлука Замброта Монголд ирсэн байна. Итали бол дэлхийн дөрвөн удаагийн аварга баг. Тийм хүчирхэг багийн дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин Монголд ирнэ гэдэг манай орны олон олон хүүхэд, залуусын мөрөөдрийн галыг нь бадраасан үйл явдал болж байна…” гэлээ.
Харин дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Жанлука Замброта Монголын хөлбөмбөгт хайртай хүүхдүүдэд хандан “...Ямар ч үед хөл бөмбөгийн талбайд орж ирэхэд миний сэтгэл маш их хөдөлдөг. Хүүхэд бүхэн мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зорино гэдэг хамгийн сайхан зүйл байдаг…” хэмээв.