Сөүлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хёнгийг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа

Сөүлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Ким Хёнгийг төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзлаа


1 жил

БНСУ-ын Сөүлийн ИТХ-ын дарга Ким Хёнги, төлөөлөгч Хо Жон Кой, Тэ Су Ким, Бунг Юүн Ли, Бонжин Ли болон Сөүл хотын ИТХ-ын нарийн бичгийн дарга Жунёонг Ко бусад албаны мэргэжилтнүүдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Гантулга, Б.Өнөбат, Д.Энхбаяр, С.Эрдэнэбаяр болон НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Бидний урилгыг хүлээн авч албан айчлал хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Цар тахлын дараа болж байгаа энэхүү уулзалт онцлогтой. Дэлхий дахинд коронавирус цар тахлыг даван туулахад эерэг, сөрөг олон өөрчлөлтийг улс үндэстнүүд мэдэрлээ. Тэр дундаа улс орон дангаараа оршин байх боломжгүй бөгөөд бүс нутаг, хотуудын хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг харлаа. Хоёр улсын ялангуяа хот, нийслэлийн харилцаанд төлөөлөгч нар маш том гүүр болж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид хоёр хотынхоо иргэд, ААН-ийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхийг хүсэж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Цаг агаарын эрс тэрс уур амьсгал, нүүдэлчин соёлоос суурин соёл руу шилжиж буй энэ цаг үе бидний хувьд том шалгуур болж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсын хоорондын харилцаа бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

БНСУ-ын Сөүлийн ИТХ-ын Дарга Ким Хёнги “Сөүл хотын 10 сая иргэдийг төлөөлөн та бүхэнд талархал илэрхийлье. Солонгос, Монгол улстай найрамдалт харилцаа тогтоогоод 33 жил, Улаанбаатар хот  Сөүл хоттой найрамдалт харилцаа тогтоосноос хойш 26 жил хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хоёр улсын харилцаа эдийн засаг болон бусад салбарт улам гүнзгийрч байна. Цаашид бидний олон талт хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэж байна. Улаанбаатар хотод сүүлийн 50 гаруй жил ороогүй их хэмжээний бороо орсон гэж сонссон. Сөүл хотын захиргаа 20 мянган долларыг, нийгмийн халамжийн холбоо 4500 долларыг Улаанбаатар хотын захиргаанд  хандивласан. Маргааш бид Улаанбаатар хотын захирагчид дамжуулах болно” хэмээв. 

Мөн уулзалтын үеэр төлөөлөгчид аль ч улсын нийслэлд хүн амын төвлөрөл, авто замын ачаалал, байгаль орчны асуудал тулгардаг. Хот байгуулалтыг сайжруулахад орон сууц, авто замыг илүү сайжруулах шаардлагатай бөгөөд метро яаралтай хэрэгтэй талаар онцолж, эдгээр асуудлыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хэрхэн шийдвэрлэснийг Сөүл хотоос бодитоор харж, туршлага солилцохыг санал болгосон юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү