Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох шийдвэр гарснаар төсөл бодитоор хэрэгжих алхам болно гэсэн юм. Мөн энэхүү санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэнээр Улаанбаатар хотын шинэ тойрог зам барих төсөл, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хөгжлийн төслүүд болон цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болох, боомтын дэд бүтэц, авто болон төмөр зам барих зэрэг томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих боломж бодитоор бүрдэнэ гэж тооцжээ.
Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Засгийн газар хотын асуудал бол улсын асуудал гэсэн байр сууринаас асуудалд хандаж, шийдвэр гаргаж өгсөн. Хотын эдийн засаг сайжирвал макро эдийн засагт нөлөөлөх дам нөлөө өснө. Хотын амьдрах арга ухааныг шинэчлэх цаг нь болсон. Дэлхийн хотуудад уул уурхайн баялгаа түшиглэн хөгжиж байгаа кэйсүүд олон бий. Иймд уул уурхайг түшиглэсэн энэхүү эдийн засгийн боломжийг Нийслэл ашиглах нь зөв” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудлаар Төлөөлөгч Т.Гантулга “Засаг даргад эрх олгуулах шийдвэрийг иргэдийн хурлаар зайлшгүй гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай намын бүлгээс илэрхийлсэн санал дүгнэлтийг дахин сануулъя. “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэж болох эрхзүйн зохицуулалт бий” гэлээ.
Төлөөлөгч Батсүмбэрэл “Төсөл хэрэгжсэнээр гаргах үр дүнгээ тодорхой танилцуулах нь зөв. Төлөөлөгчид хотынхоо иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж сонгогдсон. Асуудалд бодитой хандахыг хүсэж байна” гэв.
Мөн Төлөөлөгч Говьсайхан “Нийслэлийн Орон сууц корпорац 355 тэрбум төгрөгийн 4 төслийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Нийтдээ 3600 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн төсөл яг үүнтэй ижил. Төслийг дэмжих нь зүйтэй” гэсэн юм.
Хуралдаанаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж, “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хүрэн нүүрсний илрэлтэй хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч талтай холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрхийг “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд олгож шийдвэрлэлээ.
Хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоолоо
Хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ.
Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна. Өнөөдрийн байдлаар хязгаарыг давсан 88 хэсгийн 733 га талбай байгаа аж. Мөн одоо байгаа барилгаас гадна 4560 барилга архитектур төлөвлөлтийн даалгавраа авсан нь нягтаршлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хамгийн их нягтаршил Яармаг орчимд үүсэж байна” хэмээн танилцууллаа.
Нягтаршил байх ёстой хэмжээнээс давсан дээрх газруудад инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын захирамж 2018 онд гарсан. Уг шийдвэрийг хот байгуулалт, газрын харилцааны үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар уг байршлуудад газар өмчлөх, ашиглах эрх олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах, өөрчлөлт явуулах үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гаргах шаардлагатай байгаа талаар онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид зөвшөөрөл өгөхдөө орон нутгаас асуудаг болох, захын дүүргүүдийн нягтралыг анхаарч ажлын зураг гаргах, ажлын байраар нягтралыг тооцож, нэр томьёонд анхаарах шаардлагатай талаар саналаа хэллээ. Мөн уг тогтоол гарснаар зөвшөөрөл, ашиглалтын төлөвлөлтийн даалгавраа авчихсан, зураг төслөө гаргасан иргэн, ААН-ийн ажил зогсох эрсдэлээс сэргийлж, иргэд, ААН-ээ хохироохгүй байхад анхаарч ажиллах талаар Хот байгуулалтын хөгжлийн газарт санууллаа.
Ийнхүү “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-д заасны дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх олгохыг хязгаарлалаа.