“Asia Folk 2023” наадамд 22 орны 160 уран бүтээлч оролцож байна

“Asia Folk 2023” наадамд 22 орны 160 уран бүтээлч оролцож байна


1 жил

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, цахимаар 120 уран бүтээлч оролцож байна.

Наадмын нээлтэд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн болон бусад албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Энэ удаагийн наадмаар гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулахын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон сургалт зэрэг олон үйл ажиллагаа болж байна. Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой уг наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа юм. Наадмын найман төрөлд 22 улсын 280 гаруй уран бүтээлч авьяасаа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулан байр эзлүүлнэ. Харин Монголоос 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгээд байна.

“Asia Folk 2023” наадам зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм  Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал хүрэлцэн ирсэн зочид болон хамтран зохион байгуулж байгууллагууддаа талархал илэрхийлж, Азийн орнуудын гар урлалын бүтээгдэхүүнийг сонирхож, ардын урлагийн тоглолтуудыг үзэхийг урьсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү