“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас өнөөдөр “Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтаар барилгын салбарт тулгамдаж буй асуудал, тэр дундаа барилгын материалын үнийн өсөлт, үнийн зөрүү зэрэг чухал асуудлыг хэлэлцэж, компани болон төрийн байгууллагын төлөөллийн саналыг сонссон юм.
“Барилгын салбарын сэргэлт” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.Наранбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон 300 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын ТУЗ-ийн дарга Ч.Наранбаатар “Барилгын салбарын их хурал таван жил тутамд зохион байгуулагддаг байсан. Коронавирусийн халдвартай холбоотойгоор сүүлийн найман жил болоогүй. Энэ хугацаанд барилгын салбарт олон асуудал тулгарсан. Тухайлбал, барилгын төсөвт өртгүүд анхны тооцсон хэмжээнд хүрэхгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалан барилгууд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс барилгын салбарт тулгамдаж буй асуудлын шийдлийг олохоор чуулга уулзалтыг зохион байгуулж байна” гэв.
Г.ТЭМҮҮЛЭН: ТӨСВИЙГ ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГОГҮЙГЭЭР ЗАРЦУУЛСНЫ ИЛРЭЛ НЬ БАРИЛГЫН САЛБАРЫГ ЭРСДЭЛД ОРОХОД ХҮРГЭСЭН
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ковид цар тахлын үетэй холбоотойгоор барилгын салбар эрсдэлтэй нөхцөлд байдалд хүрсэн. Үүний цаана олон аж ахуйн нэгж, олон мянган иргэний асуудал яригдаж байгаа юм. Төсвийн бодлогын хүрээнд ямар нэгэн хяналт, төлөвлөлт, бодлогогүйгээр зарцуулсны илрэл нь энэ салбарыг эрсдэлд ороход хүргэсэн. 2023 оны төсөвт 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд байхад цаана нь 2.5 их наядын хөрөнгө оруулалтын асуудал үлдээд байгаа юм. Эхлүүлсэн барилгын ажил нь 10, 15 жилийн хугацаанд дуусахгүй байгаа нь төрийн өөрийн алдаатай бодлогын асуудал. Барилгын салбарт хүндрэл учруулж байгаа асуудлуудын дийлэнхи нь төрөөс хамааралтай асуудал байгаа юм. Төсвийн тодотголоор төсвийг нь танадаг, эсвэл санхүүжилтийг нь төлөвлөж чаддаггүй, тендерийн хуулиар хүндрэл үүсгэдэг. Тиймээс Төсвийн байнгын хорооны зүгээс төсвийн ил тод, нээлттэй байдлыг бий болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Цаашид төсвийн асуудал бодлого, зөв зарчимтай байх, төлөвлөлттэй байх суурь зарчмуудыг хуулинд тусгаж байгаа. Төсвийн тодотголоор төсөв танадаг байдлыг болиулж байгаа. Тэгэхээр төр бодлогын алдаа гаргасан бол хувийн аж, ахуйн нэгж байгууллагын төсвөөс танадаггүй, төр хариуцлагатай байж, өөрөө өөрөөсөө танадаг энэ зохицуулалтыг хийж өгч байгаа” гэдгийг хэллээ.
2023 ОНЫ ТӨСӨВТ 634 ОБЪЕКТЫН ҮНИЙН ӨСӨЛТ БОЛОХ 304 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ СУУЛГАЖ, ААН- ҮҮДЭД ОЛГОЖ БАЙНА
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Цар тахлын улмаас барилгын материалын төсөвт өртөг өсөж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгууд ашиглалтад орж чадахааргүй байна гэдэг асуудал яригдсан. Тиймээс УИХ-аас 88 дугаар тогтоолыг баталж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниудтай уулзаж, төсөвт өртөгт хэрхэн нөлөөлж байгаа үнийн индексийг судалж, танилцуулах үүрэг даалгавар өгсөн. Ингээд 2023 оны төсөвт 634 объектын үнийн өсөлт болох 304 тэрбум төгрөгийг суулгаж, ААН-үүдэд олгох ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1.7 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛСЭН Ч 70-80 ХУВИЙН АЛДАГДАЛД ХҮРЭЭД БАЙНА
“Энхбизнес өгөөмж” ХХК-ийн захирал Н.Энхтөр “Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниудын хувьд барилгын материалын үнийн асуудлаас үүдэн алдагдалтай ажиллаж байна. Манай компанийн хувьд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 1,7 тэрбум төгрөгөөр БГД-ийн 10 дугаар хорооны цогцолбор барилгыг барихаар гэрээ хийсэн. 2021 онд газар чөлөөлөх асуудал нь шийдэгдсэн. 2021 оны 8, 9 дүгээр сард үнийн өсөлт дээд цэгтээ хүрч, барилгын материалын үнэ хоёр дахин өссөн. Үүнээс шалтгаалан магадлал хийлгэхэд 2,9 тэрбум төгрөг болчихоод байна. Асуудлаа шийдүүлье гэхээр 2020 онд гэрээ байгуулсан учраас боломжгүй, алдагдлаа өөрсдөө нөх гэдэг зүйл ярьж байгаа юм. Алдагдал 10, 20 орчим хувь бол хийж болно. Гэхдээ 70-80 хувийн алдагдалд орсон учраас болохгүй байна гэдгээ л хэлж байна. Бид 600 сая төгрөгийн зээл аваад ажлаа үргэлжлүүлэн 90 хувьдаа орж байгаа ч дуусахгүй нөхцөлд хүрээд байгаа ийм хүндрэлүүд гарч байна” гэдгийг онцолж хэлэв.