Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:
- Эрчим хүчний яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
- Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гаалийн ерөнхий газар
- Шадар сайд
- Сангийн яам
Дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Тэдний нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр юм. Тэрээр сонсголд оролцож гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Н.Батбаяр сайдаас хоёр зүйл асууя. Ирсэнд баярлалаа. Эхний сонсгол дээр ирээгүй. Эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж, та сайдаар нь ажиллаж байсан. Таны зөвлөх билүү, туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар, танай яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан. Тиймээс энэ бүх асуудалд хариулт өгөх гол хүн нь та. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Эдийн засгийн өсөлт 17.6 хувьд хүрч байсан санагдаж байна. Азийн Дубай болох нь гэж хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан. Энэ хугацаанд Чингис бондын 1.5 тэрбум хүртэлх ам.доллар орж ирсэн. Юунд зарцуулав гэдгийг сонсъё. Монгол Улсад бэлэн төсөл байсан уу. Бэлэн төсөл байгаагүй юм биш үү. Гэнэт мөнгөтэй болоод юунд зарцуулахаа мэдэхгүй байсан юм биш үү.
Хоёрдугаарт, таны 2013 онд баталсан түр журам байна. Энэ журмаар Хөгжлийн банкны санхүүжилттэй бүх төслүүдийн удирдах хороо тендергүйгээр ажилласан. Яагаад ийм журам баталсан талаар тайлбар сонсмоор байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирлээ. Та сая хэллээ, түрүүчийн сонсгол ирээгүй гэж. Тийм ээ, би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэл өгөх нь битгий хэл утсаар яриагүй. Мессэж өгөөгүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Н.Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг УИХ-ын ажлын албанаас шаардаж байна. Энэ бол миний нэр төрд халдсан хэрэг. Тиймээс энэ шаардлагыг биелүүлж өгөхийг танаас хүсэж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Та гэрчээр оролцож байгаа. Асуултад хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -Худлаа мэдээлэл тараасан асуудалдаа хариуцлага хүлээж уучлал гуйхыг шаардаж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -УИХ-ын хуралдааны ирц 50-иас дээш хувьтай байж хуралддаг. Гэтэл өнөөдөр танай түр хорооны 11 гишүүний дөрөв нь сууж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -УИХ-ын түр хороо анх бүрдүүлсэн ирцээрээ хуралдана гэдэг дэгтэй. Та 2012 оны УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар чуулганы үеэр МҮДН фракцынхаа гишүүдийн картыг сугалж, ирцээс гаргаж байсан. Ямар үндэслэлээр ийм зүйл хийсэн тайлбараа өгөх хэрэгтэй. Та "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж өг. МҮДН фракц авах ёстой. Хөгжлийн банкийг харьяандаа авах ёстой" гэсэн шантааж хийсэн.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -Өнөөдөр нийгэмд шударга ёс тогтоосон гэж олон нийт хүсэж байгаа. Үүний төлөө ажиллаж байгаа түр хороо нь ирцгүйгээр хуралдаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ байдлаараа хуралдвал үр дүн гарахгүй. Цааш үргэлжлүүлбэл таныг Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд өгөхөөс өөр аргагүй гэдгийг анхааруулж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Та асуултад л хариул. Та өнөөдөр Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдан асуугдаж байна. Та ард түмний төлөөллийн дээд байгууллагыг шүүх гэж ирээгүй.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -Ард түмний төлөөллийн дээд байгууллага хуулийн дагуу ирцээ бүрдүүлж хуралдах үүрэгтэй. Би тань шиг энэ УИХ-д нэг бус удаа сонгогдож байсан хүн. Тиймээс дүрэм журмаа мэднэ ээ.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Та 10 жилийн өмнөх хууль яриад байх шиг байна. Таныг байх үед УИХ ирцээ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван хүний ирцээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байсан. Өөрийнхөө фракцын гишүүдийн картыг сугалж шантааж хийж сайд болдог, Хөгжлийн банкийг өөрийнхөө мэдэлд авдаг үе чинь дууссан.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР: -Энэ түр хороо бол 11 гишүүнтэй. Гэтэл дөрөвхөн гишүүн сууж байна.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: -Танай намын дөрвөн гишүүн хуралдаа суухгүй байна.