Тал нутгийн мөсөн шоу буюу “Grass land on Ice 2023" уран гулгалтын анхны шоу тоглолтыг энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Шоунд Монголын уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, Японы уран гулгагч Кarakawa tsunehito, Uramatsu chisato, Honga Rika, Honda hiroki, мөн Harashima fumiko, Harashima mie, Shimmura masakatsu, Yamada yoji нар Японы үндэсний соёлын өв тээгч бүжигчид оролцож, мөсөн дээр спорт, урлагийн сонирхолтой үзүүлбэрүүдийг толилуулах юм.
Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Grass land on Ice” тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр Монгол Улсын Соёлын Яам, МИАТ ТӨХК, дэмжигчээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам оролцож байна. Шоу тоглолт 1-р сарын 27, 28-нд 16, 20 цагаас “Степп Арена” мөсөн ордонд болно. Мөсөн ордны тасалбар түгээгүүр, Ticket.mn сайтаар тасалбарыг 40-50 мянган төгрөгөөр борлуулж байна.
Уран гулгалтын спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдэнд зориулсан спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах, уран гулгалтыг нийтийн хүртээл болгон таниулах, олимпизмыг сурталчлахаар Монгол Улсын Соёлын Яам, Японы Уран Гулгалтын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Шоу тоглолтын найруулагчаар УДЭТ-ын найруулагч М.Батболд, ДБЭТ-ын Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар, ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, “Буган” хамтлаг, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Д. Оюунтүлхүүр, Б.Маралжингоо оролцох аж.