“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр Хөгжлийн банкны зээлээр казино тоглов уу!

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр Хөгжлийн банкны зээлээр казино тоглов уу!


2 жил

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Сонсголын эхэнд “Бэрэн групп”-ийн 38,8 сая ам.доллар зээлийн зарцуулалтын талаар шинжлэн судалж байна. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцуулсан. Мөн нийтдээ 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн.

Өнөөдрийн сонсголд "Бэрэн групп" ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, "Бэрэн групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нар оролцож байгаа юм. 

Хурал даргалагч Б.Энхбаярын зүгээс “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс Хөгжлийн банкнаас зээлсэн зарим санхүүжилтийг ямар учраас өөрийн данс руу шилжүүлж авсан талаар асуухад “Арматурын үйлдвэртээ тоног төхөөрөмж авах санхүүжилтэд зарцуулсан” хэмээн хариулав. 

Мөн “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр "Би казино тоглодоггүй" гэж ярьсан ч Макаогийн болон Сингапурын казиногийн АТМ-ээс 2018 онд 1,5 сая ам доллар гарган авсан талаар хурал даргалагч Б.Энхбаяр мэдэгдэв.

"Бэлнээр авсан мөнгөө та өөрөө авсан уу үгүй юу гэх асуултыг хурал даргалагч тавихад "Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй" гэсэн тайлбарыг “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр өглөө.

Харин "Зээл авахад туслалцаа үзүүлсэн улс төрд нөлөө бүхий этгээд бий юу" гэсэн асуултад тэрбээр "Гангийн үйлдвэрийг бүх хүн дэмждэг" гэж хариуллаа. 

Мөн тэрбээр "Би Л.Бадамжунайг танина, Архангай аймгаас сонгогдсон, улс төрд нөлөө бүхий хүн. Түүнтэй Сингапурт тааралдаж байсан” гэх мэдээллийг өгөөд байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү