Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг.
Энэ хүрээнд өнөөдөр /2023.01.09/ УИХ дахь МАН-ын бүлэг 10:00 цагт Төрийн ордонд хуралдана.
Тэгвэл эрх баригч намын гишүүд өнөөдрийн хуралдаанаараа нүүрсний хулгай болон "Улаанбаатар төмөр зам"-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Учир нь, Ерөнхий сайд Д.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийн араас "Улаанбаатар төмөр зам", Байгаль орчин аялал жуулчлалын яам зэрэг газарт хууль, хяналтын байгууллагын шалгалтыг оруулахаа мэдэгдсэн байдаг.
Энэ дагуу "Улаанбаатар төмөр зам"-ын орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа юм.