Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.
Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийн эхэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Эрдэнэжаргал Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд өгч буй тус газрын дүгнэлтийг танилцууллаа. Тэгэхдээ Нийслэлийн татварын бааз суурийг нэмэгдүүлж, нийслэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, ашиглалтыг сайжруулах замаар орлого нэмэх боломж байгааг хэллээ. Мөн хоёроос дээш тооны орон сууцтай иргэдийн судалгааг гаргаж, гурав дахь сууцнаас эхлэн татвар ногдуулах аргыг ашиглах шаардлагатай гэж дүгнэжээ. Нийслэл 2022 онд 322 сая төгрөгийн ногдол ашиг бүрдүүлэхээр төлөвлөж, давуулан биелүүлсэн. Тиймээс Төсвийн хуулийн дагуу орон нутгийн өмчтэй болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашиг нь төсвийн орлого байх заалтын дагуу орлого бүрдүүлэх гарц болгон ашиглах боломжтой гэв. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт буй малын хөлийн татвар тогтоож, баталж ажилах саналыг Нийслэлийн аудитын газрын дүгнэлтэд тусгажээ. Түүнчлэн нийслэлийн өмчийн байруудын түрээсийн орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулсан юм. Харин зардлын хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах, сургалт семинар зохион байгуулах, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд зориулсан зардлуудыг хэмнэж ажиллах шаардлагатай гэсэн юм. Эцэст нь чиг үүргийн давхардалтай аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өглөө.
Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувь буюу 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Үүнд, төсвийн орлогын 70.7 хувийг орлогын албан татвар бүрдүүлэхээс Хувь хүний орлогын албан татвараар 52.5 хувийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 18.2 хувийг, хөрөнгийн албан татвараар 8,1 хувийг, бусад татвараар 10.2 хувийг, татварын бус орлогоор 11,0 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 29.3 хувийг, дүүргүүдийн төсөвт 1 их наяд 232.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 70.7 хувийг тус тус бүрдүүлнэ. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 772.9 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 575.6 тэрбум төгрөг буюу 74.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувийг 9-н дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 2023 оны төсвийн жилд дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 92.7 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөхөөр баталсан.
Нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр 2023 онд 101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 47,938.0 сая төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 66,194.2 сая төгрөг, нийт 114,132.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2023 онд төлөвлөсөн. Энэ нь 2022 онтой харьцуулахад 530,793.7 сая төгрөгөөр буюу 5.7 дахин буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх нийт 101 төсөл, арга хэмжээний 81 нь барилга байгууламжийн төсөл, 14 нь их засвар, 2 нь тоног төхөөрөмж, 4 нь зураг төсөл боловсруулах төсөл байна.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд 66,194.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх ажилд 43,814.2 сая төгрөг, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад 21,380.0 сая төгрөг, бусад зардалд 1,000.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн. Төсвийн тухай хуулийн 60, 63 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалын дагуу батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, саналыг гар утасны аппликешн ашиглан иргэдээс авсан. Иргэдээс олон санал авсан тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, автобусны буудал барьж, тохижуулах, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар шинэчлэлт, явган хүний зам зэрэг ажлыг нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2023 оны төсөвт тусгасан баталсан юм.
Ж.Батбаясгалан: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой
Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэн баталсны дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүд бол эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд татварын болон бусад замаар ААН-үүдийг дэмжиж ажиллах цаг хугацаа байх болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл оролцоогоо нэмэгдүүлж, санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүрэг бидэнд бий. Нийслэл хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн. Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг татахад Нийслэлийн ИТХ, ЗДТГ, харьяа агентлагууд санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахыг уриалъя” гэсэн юм.