Ж.Батбаясгалан: Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй

Ж.Батбаясгалан: Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй


2 жил

Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Хүндэтгэлийн хуралдаанаа хуралдуулж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын ололт амжилт, баяраа нийслэлийнхээ нийт иргэдтэй хуваалцаж буй төрийн энэхүү ёслолд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, мөн нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үе үеийн төлөөлөл тэргүүтнүүд оролцож буй юм. 

Энэ үеэр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэл хотынхоо нийт иргэд болон Хүндэтгэлийн хуралдаанд оролцогчдод хандан баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр, “Нийслэл хотоо удирдах эрхийг элч төлөөлөгчдөөрөө дамжуулан барьж байгаа эрх чөлөөт иргэн Танд Монгол Улсад Нутгийн өөрөө удирдах ёсны шинэ ардчилсан тогтолцоо үүсэн хөгжсөний 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье” хэмээгээд, “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төрийн удирдлагатай хослуулан хөгжүүлэх эх үндсийг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар хуульчлан баталж, тунхаглан дархалснаас хойш 30 жил өнгөрч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийн иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 8 удаагийн хуралд 383 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж, бататган хангахын төлөө үзэл бодол, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Монголын ардчилал, Монголын нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт билээ” хэмээн онцоллоо. “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас иргэдийн төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй гэдгийг энэ түүхэн мөчид онцлон хэлье! Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан Үндсэн хууль. Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээн тэрбээр тодтотголоо. Өдгөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээг тэрбээр үндсэн гурван чиглэлээр томьёолсон юм. Тодруулбал, “

  1. Хууль эрх зүйн орчин буюу хот, дүүрэг бие даан хөгжих хувьсгалын тохироо бүрдлээ

НИТХ бодлогын баримт бичгүүдээ баталж, хотод эдийн засгийн шинэ сэргэлт хийх эх хөрсийг нь бэлтгэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд онц чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг, хөгжлийн хөтөлбөрүүд буюу Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн дунд хугацааны төлөвлөлт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын томоохон баримт бичиг, суурь концепцуудаа хэлэлцэн баталлаа.

  1. Төсвийн хүлээсийг тайллаа

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулав. Энэ хууль, эрх зүйн шинэ орчин Нийслэл хотыг хур их асуудал бэрхшээлээс чөлөөлөх замыг нээж байна. Нийслэл хотод шинэ сэргэлтийг авчрах хараат бус эрх зүйн орчин эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг нээж өглөө.

  1. Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн  хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгон угсрах үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад ногдож байна. Иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэн хамгаалахын тулд иргэдийн төлөөлөгчид илүү их хичээн зүтгэх ёстой болж байна. Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм үүргээ чанд сахин, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, хэлэлцэх асуудал, өгөх санал, сонгох шийдэл бүхнээ олон талаас нь судалж мэргэшсэн байхыг Та биднээс цаг үеийн сорилт бүхэн шаардаж байна. Улсын хөгжлийн толь болсон Улаанбаатарынхаа хөгжил дэвшил, хотын иргэдийнхээ эрх ашиг, хүсэл зоригийн төлөө ухаан бодлоо уралдуулж, улам ихээр хичээн зүтгэе! Та бүхэндээ баярын мэнд өргөн дэвшүүлье!” гэлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү