Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Уг төсөлд Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 44 иргэн сайн дураараа хамрагдсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ. Энэ хүрээнд эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.
Төсөлд хамрагдсан иргэдийн “Талархал илэрхийлэх” үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Дэлхийн дахинд тулгамдсан асуудлын нэг бол донтох эмгэг. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Эрүүл монгол хүн” төслийн санаачилгын хүрээнд хорт зуршил, донтох эмгэгийг багасгах зорилготой “Итгэл” төслийг дэмжин, хамтран ажиллалаа. Олон байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон энэхүү төслийн хүрээнд эхний үе шатанд 44 иргэн хамрагдсан. Эдгээр 44 иргэний цаана гэр бүл, хамт олон бий. Нийгэмдээ манлайлал үзүүлж хорт зуршлаасаа татгалзаж буй эдгээр хүмүүсийг цаашид ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зэргээр дэмжин ажиллана. Энэхүү төслийн гол зорилго бол иргэнийг эрүүл байлгах, зөв аюулгүй орчныг бүрдүүлэн эргээд нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм” гэв.
Мөн энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Сайн дураараа хорт зуршлаасаа татгалзахаар энэхүү төсөлд хамрагдсан хүмүүстээ өнөөдөр талархал илэрхийлж байна. Аливаа зөрчил гэмт хэргүүд архи согтууруулах ундааны зүйлтэй шууд хамааралтай байдаг. Цаашид төсөл урт хугацаанд хэрэгжсэнээр нийгэмд эерэг олон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Итгэл төслийг гурван ээлжээр 100 иргэн хамруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү төслийг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас санаачлан, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин ажиллаж, Нийслэлийн Аддиктологийн төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зохион байгуулжээ.