Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчид асуулт асууж саналаа хэлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа:
Худалдан авах журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаас асуух нь зүйтэй гэж бодож байна. 10 саяас дээш үнийн дүнтэй ажил байлаа гэж бодоход бүтэн сар тендер зарлаад урилга өгөөд хүн орж ирдэггүй асуудлууд гарч ирж байна. 100 сая доторх тендерийг тодорохой стандарт нормыг бий болгоод шууд гэрээгээр хийдэг зарчим шийдлийг эрэлхийлж байна уу . Тендер зарласаар байгаад бүтээн байгуулалтын улирлыг дуусгаж байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г. Энхтайван: Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн түүнийг дагалдан гарсан дүрэм журмын хүрээнд худалдан аьах ажиллагааг зохион байгуулдаг. Хуулийн зохицуулалтаар төр өөрөө худалдан авах ажиллагааг бараа худалдан авах, ажил, үйлчилгээ гэсэн гурван төрөлд хуваан зохион байгуулдаг. Шууд худалдан авах төсөвт өртөгийн доод хязгаарыг 20 хүртэлх сая төгрөгт тогтоож өгсөн байгаа. 20саяас доош бол тухайн эрх бүхий этгээд шууд худалдан авалт хийж болно. Барааны хувьд харьцуулалтын аргаар 70 сая, ажлыг 100 саяаар тогтоож өгсөн. Түүнээс дээш нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар зохион явагдана. Хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.