Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг шахаж ажиллах шаардлагатай байна


2 жил

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг сонсож хэлэлцэв. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа. Худалдан авах ажиллагаа амжилтгүй болсон цөөнгүй ажил байгааг задалбал, 26 төсөл арга хэмжээг 3 удаа зарлаад амжилтгүй болсон Мөн 4 удаа зарлаад амжилтгүй болсон 15 ажил, 5 удаа тендер зарлаад хэрэгжүүлэгч орж ирээгүй 11 байгаа юм. Мөн 12 удаа тендер зарласан боловч сонирхогч аж ахуйн нэгж орж ирээгүй 1 ажил байна. Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж байгааг тэд мөн онцоллоо. 

Мөн дээрх нийт төсөл арга хэмжээнээс 11 нь бүрэн биелэж, 189 нь 80-99 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 0-9 хувийн гүйцэтгэлтэй 115 ажил байгааг анхааралдаа авч, шахаж ажиллахыг төлөөлөгчид хэлэв. Хэрэгжиж буй төсөл арга хэмжээг төрлөөр нь ангилбал:

  • Гэрэлтүүлэг камержуулалт 34
  • Тохижилт 178 
  • Их засвар 125 
  • Инженерийн шугам сүлжээ 107 
  • Барилга байгууламж 123 
  • Зам засвар 75 
  • Сургууль, цэцэрлэгийн тоног, төхөөрөмж 15 
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин 26 байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төвийн 6 дүүрэгт ажилласан төлөөлөгчид гацсан, удааширсан томоохон ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж, хариулт авч байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

95 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна 

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар мөн Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулгыг сонслоо.  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө энэ талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр “...Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав. Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа. Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.


 
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү