Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна


2 жил

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өнөөдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, мэдээллийг сонсов. Үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 04-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “насос станц2- ын барилга угсралтын ажил хийгджээ. Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4124 ширхэг худгийн угаалгыг хийсэн байна. 

Харин өнөөдрийн байдлаар 75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ. Нийтийн тээврийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ дундаа парк шинэчлэлт 48 хувь, нийтийн тээврийн техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөцлөл 64 хувь байгаа аж. Тодруулбал, Зорчигч тээвэр гурав болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар парк шинэчлэлт хийсэн байна. Мөн хувийн хэвшлийн 6 байгууллага 33 автобусаар нөхөн хангалт хийсэн аж. Түүнээс гадна 1774 тн давс, 1730 тн бодис нөөцлөөд байна. 

Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү