Д. Пүрэвдаваа: Газар чөлөөлөх мөнгөгүйгээс болоод гэр хороолол доторх сургууль цэцэрлэг дэд бүтцийн асуудал хийх дахин төлөвлөлт явуулах ажлууд гацаж байна

Д. Пүрэвдаваа: Газар чөлөөлөх мөнгөгүйгээс болоод гэр хороолол доторх сургууль цэцэрлэг дэд бүтцийн асуудал хийх дахин төлөвлөлт явуулах ажлууд гацаж байна


2 жил

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  боллоо. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулав.  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарч, Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг тэрбээр тодотгосон. Улмаар Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд: 

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр 
  • Албан тушаалын суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны 05 дугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр 
  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ. 

Мөн Нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир, спортын байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн салбарын яамдаас санхүүжүүлэх өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх зардалд батлагдсан хэмжээг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулахаар тодотголын төсөлд тусгасан байна.  Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. 

НИТХ-ын төлөөлөлч Д. Пүрэвдаваа:  Нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлаар асуулт байна.

Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам зураг төсөл барилга угсралтын ажил орхигдож байна. Миний хувьд 100 хувь гэр хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Манай Улмастайн ам тэнд Амгалан дулааны цахилгаан станц баригдсан дэд бүтэцжүүлэх бүрэн боломжтой бохир ойртсон дулааны хүртээмж ойртсон байхад 10 айл гэдэг газар хэдэн жил нойлгүй төвлөрсөн усгүй нийтийн байранд хүмүүс амьдарч байна. Жил болгон  хотын удирдлагууд үе үеийн дарга нар очиж шийдэж өгнө гэж жил болгоны төсөвт оруулж шийдвэрлэнэ гэдэг боловч яг төслийн хэлэлцэж байхад энэ асуудал яригддаггүй . Өөр хэмнэж болох асуудлууд харагдаж байна. Яагаад гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг дэмждэггүй юм бэ ?

Хоёрдугаарт, Газар чөлөөлөх нөхөн олговор олгох мөнгөө яагаад нэмэхгүй байгаа юм бэ ? Аливаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийе гэхээр газрын асуудал шийдэгддэггүй газрын албанд иргэдийн гомдол хүсэлт өгөхөөр газар чөлөөлөх төсөв байдаггүй гэдэг. Газар чөлөөлөх мөнгөгүйгээс болоод гэр хороолол доторх сургууль цэцэрлэг дэд бүтцийн асуудал хийх дахин төлөвлөлт явуулах ажлууд гацаж байна. Жишээ нь , Яагаад шар хад дэд төв дээр төсөв ийм бага тавьж байна эдгээр асуултандаа хариулт авья. гэсэн юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү