Нийслэлийн төсвийн тодотголд 429 орон тоог бууруулахаар тусгажээ

Нийслэлийн төсвийн тодотголд 429 орон тоог бууруулахаар тусгажээ


2 жил

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж байна. Хуралдаанаар УИХ-аас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсантай холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэв. Төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцуулсан юм. 

 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуульд тусгасан үндсэн чиглэлийг баримтлан, Засгийн газрын төсвийн зардлын хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэх, төсвийн тэнцлийг хангахад анхаарч, Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг тэрээр тодотгов. Улмаар Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд: 

  • Нийслэл дүүргийн Засаг даргын орлогч 21, агентлаг, харьяа байгууллагын дэд дарга, орлогч дарга 24, нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын албаны албан хаагч 384, нийт 429 орон тоог бууруулахаар тооцон, 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр,
  • Албаны суудлын автомашин ашиглаж буй нийт 131 албан тушаалтны автомашины хэрэглээг энэ оны 5 дугаар сараас зогсоосноор 266.7 сая төгрөг хэмнэхээр,
  • Нийслэл дүүргийн төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг шинэчлэн тогтоосон шийдвэр гараагүйтэй холбогдуулан нэмж тусгасан эхний хагас жилийн цалингийн зардал болох 13.8 тэрбум төгрөгийг нийт цалингийн зардлаас бууруулахаар төсөлд тусгажээ. 

 

Мөн Нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, биеийн тамир, спортын байгууллагын байр ашиглалтын үйлчилгээний зардлыг энэ 5 дугаар сарын 1-нээс эхлэн салбарын яамдаас санхүүжүүлэх өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор дээрх зардалд баталсан хэмжээг 28 тэрбум 934.5 сая төгрөгөөр бууруулахаар тодотголын төсөлд тусгасжээ.  Хуралдаан төлөөлөгчдийн асуулт, хариултаар үргэлжилж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү