"Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд" үндэсний зөвлөгөөн болж байна

"Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд" үндэсний зөвлөгөөн болж байна


2 жил

Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэдэг. Дэлхий нийт 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо хэлэлцэн баталж, 2030 онд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдэл  гаргасан. Бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон. Монгол улс дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хүлээн авч, илүү том зорилт тавин ажиллаж байна. "Тогтвортой хөгжлийн зорилт ба хүүхдийн эрүүл мэнд" үндэсний зөвлөгөөн /2022.06.08-2022.06.10/ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМ-ийн Сайдын зөвлөх О.Батбаяр,  ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл, АЛШТХ-ийн дарга  Г.Навчаа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно болон 21 аймаг, 9 дүүргээс хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

 
“Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн хүрээнд олон улсын байгууллагууд хамтран эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах стратегиудыг батлан хэрэгжүүлж байна. Үр дүнтэй, чанартай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадвал эх, хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод сэргийлж болох нялхсын эндэгдлийг 2030 он гэхэд 1,000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, эрсдэлгүй хөгжих эрхтэй. Энэ үүднээс Монгол Улсын үе үеийн Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр, арга хэмжээний үр дүнд нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оны түвшинтэй харьцуулахад 4.5 дахин буурсан. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, сэргийлж болох эндэгдлийг бууруулахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өртөг багатай, өндөр үр дүнтэй интервенцүүд болох “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г тогтвортой хэрэгжүүлэн, амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай.         

 
Энэхүү зөвлөгөөнөөр хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа өнөөгийн арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэн зөвлөлдөж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахаас гадна олон улсын түвшинд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг болох тэрхүү боломж бололцоог бүрдүүлж энэ чиглэлд ахиц дэвшил гаргаж ажиллахыг чиглэл болгож байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү