Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар холбогдох сайд, албаныхан танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "2011 онд хотын цемент шохойн үйлдвэрийг 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр "Бейсмент" гэдэг компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 2015 онд энэ компани хувьчлагдаж "Хөтөл" гэдэг нэртэй болсон. "Хөтөл" гэдэг нэрийг 2008 онд нэг хүн нэр дээрээ аваад хадгалчихсан байсан. Хувьчилж авсан гэх сүүлийн хүн нь нас барсан. Нас барсны дараа тус компанийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан.
Ингээд өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй болчихсон байна. Хуулийн байгууллага уг асуудлыг шалгаж байна. "Хувьчлал явуулахад болон дараа нь хууль зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болго" гэдэг санал ирсэн.
Энэ дагуу яамдаас санал авч, 2015 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хувьчлах компаниудын жагсаалтад Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гэж орсон. Уг шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр өнөөдөр гарч байна. Хүчингүй болсны дараа энэ компанийн цаашдын хувь заяаг Төрийн өмчийн хороо авч үзнэ. Энэ компани өмнө нь 50 гаруй сая долларын зээлтэй байсан. Энэ зээлийг Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларыг өмнө нь авсан Худалдаа хөгжлийн банкнаас болон гаднаас авсан зээлд шилжүүлж дуусгасан.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргалаа.