АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар мэдээлэл хийв.
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр яам шинээр байгуулсан. Маш чухал хэрэгтэй байна гэж байгуулсан хэрнээ өнөөдрийг хүртэл сайдыг нь томилоогүй байна. Өөр яамны сайдууд түр орлон гүйцэтгэж байна. Мэдээж өөрсдийнх нь хариуцаж байгаа яамдууд ажил ихтэй. Гэтэл дахиад өөр яам хавсарч хариуцаж байгаа нь болхи байна. Шинэ яамныхаа сайдуудыг хурдан томилох хэрэгтэй байна. Монгол Улсын нөхцөл байдал хүнд байна. Дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч байна. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамны сайд хурдан томилогдож ажлаа эхлүүлэх шаардлагатай.
Яагаад томилохгүй байгаа нь ойлгомжтой. УИХ-ын гишүүдээсээ "бялуу хуваах" гээд л байх шиг байна. Цэцээр асуудлаа шийдүүлэх гээд хэдэн гишүүдээр өргөн бариулсан. Энэ нь боломжгүй юм. Үндсэн хуулийн нэг заалт, нөгөө заалттайгаа зөрчилдөнө гэж байхгүй.
Мөн ковидын хуулиа цуцлах шаардлагатай. Бүх хорио цээр тавигдчихаад байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байна. Үүнийгээ яаралтай цуцлах шаардлагатай байна. Монгол Улсад гамшгийн тухай хууль бий. Энэ хуулиар зохицуулаад явах боломжтой" гэлээ.