НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар олон нийтийн цагдааг ажиллуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ онд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд 227, тээврийн цагдаагийн албаны харьяанд 82, нийт 309 олон нийтийн цагдааг ажиллуулах санал ирүүлжээ. Олон нийтийн цагдаа нарт төрийн тусгай алба хаагчдын цалингийн сүлжээний 1 дүгээр шатлалтай дүйцүүлэн урамшуулал олгож, холбогдох бусад зардлыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс гаргах юм.
Олон нийтийн цагдааг ажиллуулах хууль зүйн үндэслэл нь цагдаагийн байгууллага орон тоогоо нэмж байгаа гэхээс илүү иргэдийн оролцоонд тулгуурлаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байна гэдгийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр тодотголоо. Олон нийтийн цагдаа нар цагдаагийн үндсэн чиг үүргийг шууд хэрэгжүүлэхгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн санаа бодлыг авах, үйл ажиллагаандаа тусгах, энэ чиглэлийн ажлыг олонд хүргэдгийг Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Р.Отгонжаргал нэмж хэлэв. Улмаар төлөөлөгчдийн олонх нь олон нийтийн цагдааг ажиллуулах тогтоолын төслийг дэмжин, орон тоог боломжит хэмжээнд нэмэх санал гаргажээ.
Өнгөрсөн онд нийслэлд олон нийтийн цагдаагийн орон тоог 224 байхаар баталж, 205 цагдааг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхээр ажиллуулжээ. Ингэснээр мөн онд олон нийтийн газарт үйлдэх гэмт хэрэг 7.7, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 7.3 хувиар багасаж, гудамж талбайд үйлдэх зөрчлийн илрүүлэлт 46.9 хувиар нэмэгдсэн эерэг үр дүн гарчээ