Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэл хийж байна.
Тэрбээр, Монгол Улсад гадаадаас ирсэн иргэдээс омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэнийг 1-р сарын 7-ны өдөр мэдээлсэн. ХӨСҮТ-д вирусийн генийн дараалал тогтоох лабораторийг 2021 оны 12-р сард суурилуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Өнгөрсөн хугацааанд гадаадаас ирсэн болон дотоодод илэрсэн халдваруудад генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байсан.
1-р сарын 9-ний ням гарагт буюу өнөөдөр хийсэн PCR шинжилгээний дараах вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээгээр таван сорьцоос омикрон хувилбар илэрлээ. Манай улсад дотоодын халдвараас омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ долоо хоногт халдварын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо 1000-аас дээш гарлаа. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймагт хоногт 50-аас дээш тохиолдол бүртгэгдсэн ба энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.
Халдвар нэмэгдэж байгаа нь сүүлийн нэг сарын хугацаанд хүн амын хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэнтэй холбоотой. Баяр ёслолыг өргөн тэмдэглэсэн нь халдвар эргээд ихсэх нэг шалтгаан боллоо.
Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна.
Вакцинжуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн IV тунгийн дархлаажуулалтыг хийлгээд байна. Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн нь манай улсад цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлснийг харуулж байна. Манай эрдэмтдийн хийсэн тооцооллоор манай улсад IV давлагаа 1-р сарын сүүлчээс 2-р сарын эхэн хүртэл үргэлжилнэ. Хэдийгээр тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай ч ард иргэд та бүхэн айж сандрах хэрэггүй. Омикрон хувилбар хөнгөн шинж тэмдэгтэй явагдаж байна.
Цар тахлын IV давлагаа томуугийн халдвартай зэрэгцэн дэгдэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд бид эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг өвчтэй хүмүүс болон өндөр настнуудыг эрэмбэлэн эмнэлэгт хэвтүүлэх бодлого барина. Иргэд аль болох хүлээцтэй хандахыг уриалж байна.
Засгийн газар, УОК, ЭМЯ-наас аль болох хөл хорио тавихгүйгээр энэ давлагааг даван туулахаар хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг даван туулж чадна гэж бүрэн итгэлтэй байна гэв.