“Иргэний андгай өргөх ёслол” боллоо

“Иргэний андгай өргөх ёслол” боллоо


3 жил

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар оролцож, 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардууллаа. 

Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон газар нутгаа хайрлан хамгаалж их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их Засаг хууль ёсыг чандлан сахиж, үнэнч, шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй, иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг” хэмээн андгай өргөлөө.

“Иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43166 хүүхэд 16 нас хүрч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү