Д.Сумъяабазар: Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

Д.Сумъяабазар: Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана


3 жил

НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр “2020 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 66 хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлж байна. Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжийн 75.8 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн 54 хувь нь нийслэлд төвлөрчээ. Улаанбаатар хот нь 92 их дээд сургууль, ерөнхий боловсролын 276 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 684 байгууллагатай. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн. Эрчимтэй энэ нягтрал бодитоор бий болж байгаагийн улмаас замын түгжрэл үүсэх, агаар, орчны бохирдол нэмэгдэх, хөрс, ундны ус, халаалт зэрэг хотын суурь үйлчилгээний хүртээмж дордох, хотын цэвэр усны хангалт бохирдох зэргээр байгаль орчин, дэд бүтэц, нийгмийн олон сорилттой тулж байна. Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн орчин сайн байх шаардлагатай. Гэвч сүүлийн 27 жилийн хугацаанд хууль, эрх зүйн шинэтгэлийг хийж чадаагүй. Тийм учраас эрх зүйн шинэтгэлийг хийх цаг нь болсон гэж үзээд шинэтгэл хийсэн. Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийг бодитоор бий болгох, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран шинэчлэлийн тодорхой ажлуудыг эхлүүллээ” гэв.

Мөн үргэлжлүүлэн “Авто замын сүлжээг хөгжүүлэх зорилтын хүрээнд шинээр 36.4 км авто зам барьсан. Мөн Баянзүрх дүүргийн 326 метр урттай гүүрийг ашиглалтад оруулж, найман байршилд 32.6 км дугуйн зам, 12 байршилд 26.736 ам метр талбай бүхий явган хүний зам барьж, зургаан уулзварыг нэг жилийн хугацаанд шинэчиллээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй 36 цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийн, цахилгаан автобусыг цэнэглэх цэгийг зургаан байршилд байгуулан, үйл ажиллагааг тогтворжуулсан. Цаашид найман байршилд нэмж байгуулахаар төлөвлөөд байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар том оврын 60 орчим автобусны парк шинэчлэл хийхээр нийлүүлэгч талтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх ажлын хүрээнд хотын шинэ төв, дэд төв, олон нийтийн төвүүдийг байгуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүтээн байгуулж буй Баянхошуу дэд төвийн ажил 95, Сэлбэ дэд төвийн ажил 93, Дамбадаржаа дэд төвийн ажил 4.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин Дэнжийн мянга, Толгойт дэд төвүүдийн зураг төслийг хийж байгаа. Шинээр гурван дэд төв, долоон олон нийтийн төвийг байгуулахаар төлөвлөж, ирэх оны төсөвт оруулахаар тооцооллоо. Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор бага сургууль болоод сургууль, цэцэрлэгийн цогцолборууд зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ онд хоёр цогцолбор, 26 цэцэрлэг, ерөнхий боловсролын есөн сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, хүчин чадлыг 4520 ор, 6888 суудлаар тус тус нэмэгдүүлээд байна. Цаашид нийслэлийн хэмжээнд 65 сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага байгаа. Нийслэлийн хэмжээнд есөн эрүүл мэндийн төв, дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, гурван амаржих газар, зургаан тусгай мэргэжлийн төв, гурван хүүхдийн сувилал, тосгоны эрүүл мэндийн төв дөрөв, 42 өрхийн эрүүл мэндийн төв, 1151 хувийн хэвшил, эрүүл мэндийн байгууллага, 1300 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Сонгинохайрхан дүүрэгт барьсан нэгдсэн эмнэлгийг Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт барьж, байгуулахаар хэлэлцэж байна. Цаашид эмнэлгийн чанар, хүртээмжид түлхүү анхаарч ажиллах болно. Улаанбаатар бол иргэн төвтэй хот байх ёстой. Иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн” хэмээн ярив.

НИТХ-ын төлөөлөгчид энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг нэг жилийн хугацаанд олон ажил хийж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж чадсан нь томоохон амжилт гэдгийг тодотгож байлаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан нь нийслэлийн орлогод ч нөлөөлөх учраас үүнд анхаарах хэрэгтэй. Хотын А бүсэд барилгажилт хэт их байгаад анхаарал хандуулахыг хүсэв. Хотын дарга “Ковид бизнес эрхлэгчдэд томоохон цохилт өгч байна. Иймээс тусгай зөвшөөрөлд хөнгөлөлт үзүүлэх, мөн цар тахлын дараа эдийн засгийг дэмжих, хууль, эрх зүйн орчныг бий болгох Ажлын хэсэг Засгийн газарт ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн орлого буурч, хаалгаа барьж, ажлын байр багасаж байгаа нь ганц манайд биш, дэлхий дахинд болж байгаа үйл явдал. Энэ бол хүн төрөлхтөнд тулгарч байгаа бэрхшээл. Бид бизнес эрхлэгчдээ дэмжих, зөвлөн туслах байдлаар ажиллаж байгаа. Улаанбаатар хотод барих хотхонуудад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй бол зөвшөөрөл олгохгүй” гэдгийг хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү