Хотын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо

Хотын дарга барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо


3 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж,  хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын Ипотекийн корпораци” ХХК, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн төсөл”, “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төслийн төсөл” хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтыг нээж “Ковид-19” цар тахалд барилгын салбар хамгийн их өртсөн. Энэ цаг үед та бүхэнтэй ярилцаж, тулгарч буй асуудлыг сонсох нь нэн чухал. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог анх удаа байгуулсан. Хувийн хэвшлийн байгууллагууд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд оролцох, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлыг шийдэх үүднээс цахим системд шилжих, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн хүнд суртлыг багасгах, авлига хээл хахуульгүй болгох механизмтай болохоор ажиллаж байна” гэв.

Түүнчлэн нэг жилийн хугацаанд эрх зүйн реформ хийж чадсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн тухай хууль болон бусад хуульд шаардлагатай гэсэн зүйл, заалтуудыг тусгаж чадлаа. Цаашид хөгжлийн түр хороодоор дамжуулан бодлого боловсруулахад санаачилгатай ажиллана гэдгээ онцоллоо.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийлэв.

“Бат Хэрэйд” ХХК-ийн захирал Д.Байгальмаа:

-НИТХ-аар ирэх жилийн төсвийн төлөвлөгөө хэлэлцэж байгаа цаг үед бидэнтэй уулзаж, санал солилцсон нь сайшаалтай. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол барилгын салбар дотроо хамгийн хүнд нь. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн асуудлыг Нийслэлийн Засаг дарга  анхааралдаа авч явдаг нь сайн хэрэг. Цаашид энэ уулзалтыг жишиг болгон зохион байгуулж, бидний дуу хоолой нийслэлийн төр захиргааныханд, Засаг даргад хүрэх болсонд баяртай байна гэлээ.

"Баганат-Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан:

-Бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байгаа компаниудад тулгамдсан асуудлууд маш олон байдаг. Үүний гарц, шийдлийг гаргахын тулд хэлэлцүүлэг хийлээ. Би Төлөөлөн удирдах хороо байгуулах тухай Хотын даргад санал орууллаа. Төлөөлөн удирдах хороо байгуулснаар компаниудын тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж, бололцоо бүрдэнэ гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү