Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж байна

Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж байна


3 жил

Цар тахлын үед аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж байна. 

 

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн олноор зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар картыг газар дээр нь цэнэглэж байгаа юм.

 

Улаанбаатар хотод автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг бий. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдол багагүй ирдэг аж. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт ажилладаггүй, орой эрт хаадаг, эсвэл пос машин эвдэрсэн зэргээр иргэдэд үйлчилдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчих нэг шалтгаан болж байна.

 

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлд гурван байгууллагын 450 орчим шалгагч бий. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын шалгагч нарыг дайчлан, автобусны карт цэнэглэж үйлчилнэ” хэмээжээ.

 

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” аппликэйшнээр хоёр өдрийн турш автобусны карт цэнэглэлээ. Иргэд эерэг хандлагатай байна. Офицеруудын ордноос Багшийн дээдийн буудал хүртэл бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэж байгаа. Цар тахлын үед эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдэд уриаллаа.

 

Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшн суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх, үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, буусан, хамгийн сүүлд картаа хэдийд цэнэглэснээ ч хянах боломжтой.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү