Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Номын сангуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө


3 жил

Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ. Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна. 

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол суурь нь болсон оюуны эрэлт хэрэгцээгээр нийслэлийн иргэдээ дутагдуулж, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, боломжтой бүх хэлбэрээр иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангахад санаачилгатай ажиллаарай” гэлээ. 

Мөн соёлын салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тусгайлан бодлого хэрэгжүүлж, салбарын яамыг байгуулсан. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, оюуныг нь тэлэх энэ үйлсэд нийслэл хотын удирдлагууд мөн номын сангуудтайгаа нэг шугаманд хамт алхаж, ажиллах болно гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү