Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн,Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗГХЭГ-ын Орон нутгийн Удирдлага, зохицуулалтын газрын дарга П. Зоригтбаатар, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлагын газрын ахлах референт П.Энхсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар өнөөдөр Улаанбаатар хотын зургаан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлтэй мэдээлэл өгч, санал солилцов.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ирэх оноос нийслэл засаг захиргааны нэгж, түүний удирдлага, хотын эдийн засгийн харилцаа ямар байх вэ гэдгийг зохицуулсан эрх зүйн томоохон шинэчлэлийн бичиг баримтыг мөрдөж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд цаашид нийслэл хот бие даасан, тогтвортой эдийн засагтай байх боломж бүрдсэн. Харин энэхүү эрх зүйн шинэчлэлийг богино хугацаанд үр дүнд хүргэх шаардлага бид бүхний өмнө бий болж байна” хэмээн онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өмнөх долоо хоногт нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Налайх, Багахангай, Багануурт ажиллаж, дээрх хуулиудын шинэчлэлийн хүрээнд дүүргүүдийн ИТХ-ын байгууллагуудад мэдээлэл өгч, санал солилцсон билээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОН